Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн агаарын чанарын бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа 79 зуух байгаа аж. Тусгай зөвшөөрөлгүй хоёр газарт Зөрчлийн хуулийн дагуу хоёр сая төгрөг, “Түмэн шувуут” ХХК-д 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Харин агаарын чанарын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж бий.  Эдгээр аж ахуйн нэгжийн 156 зуухад хяналт хийхэд засвар үйлчилгээ хийх шаардлагатай дөрвөн зуух, утаа шүүгчгүй хоёр зуух, үнсний агуулах нь задгай 18 аж ахуйн нэгж байжээ. Энэ мэт зөрчлүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаат албан даалгавар өгчээ.

Мөн НМХГ-аас 17 аж ахуйн нэгжийн дизель хөдөлгүүртэй түгээлтийн 281 тээврийн хэрэгслийн утааны тортогт хэмжилт хийжээ. Уг хэмжилтээр түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн 70 хувь нь стандартын шаардлага хангаагүйг тус газрын Агаарын чанарын хэлтсийн байгаль орчны хяналтын байцаагч  н.Бат-Очир мэдээлэв. Тодруулбал, “Тэнгэрийн хишиг” компанийн зургаа, “Алтан жолоо импекс“ компанийн 10, “Ice mark” компанийн 21, “ВSВ service” компанийн 23, "Гацуурт хүнс" компанийн зургаа, "Арвайн үндэс" компанийн зургаа, "MCS coca cola" компанийн 69, "Милко" компанийн 21, "Улаанбаатар гурил" компанийн зургаа, "Атар өргөө" компанийн 13, "Талх чихэр" компанийн 27 "Алтан тариа" компанийн нэг, нийт 203 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй аж. НМХГ-аас эдгээр аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлжээ.