Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машиныг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын актаар хураан “Амгалан” дулааны станцид хүлээлгэн өгчээ. Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. 

Зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн чонын арьс, эд эрхтэн, зэрлэг гахайн бүтэн мах, Алтайн хойлог шувуу, ятуу, шар үнэг, бугын чив болон тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр 1 хос, өнгөт чулуу, 2 шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц, галт зэвсэг зэргийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 кг канабис тээвэрлэсэн болон Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг мөн илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.