Баянзүрх дүүргийн 27-р хороо, хоёрдугаар хороо, "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлыг долдугаар сарын 27-нд эхлүүлж тус авто замыг хааж наймдугаар сарын 10 ны өдөр нээнэ гэсэн тус хугацаандаа ашиглалтад ороогүй.

Улмаар иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан тус замыг /2020.09.05/ нээсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ зам засварын ажил хугацаандаа дуусаагүй шалтгааны "ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан" гэж албаныхан мэдээлж буй юм.

Үүнээс гадна есдүгээр сарын 1-нд зам засварын ажлаар хаагаад байсан Зайсангийн орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр /2020*09*07/ өглөөнөөс эхлэн нээсэн байна. 

Одоогоор нийслэлд зам засварын ажлын улмаас хөдөлгөөний хамгийн их ачаалалттай зам нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Дөлгөөн нуур болон Баянбүрд орчмын зам л үлдээд байна.