С.ГАНДӨЛ

Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ анх удаа Төрийн шагналын үнэ цэнийг “ойлгон”, хавтгайруулж олгож ирсэн системээс нэг удаа татгалзлаа. Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, С.Одонтуяа нар “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг санаачилж өргөн бариад байсан юм. Гэвч тогтоолын төсөл гишүүдийн дэмжлэг хүлээж чадалгүй унаж, чуулганаар хэлэлцэх эсэх хуулийн шат дараалал бүү хэл босгыг ч давсангүй.

Монгол Улсад ардчилсан, чөлөөт сонгуулийн үр дүнгээр Ардын Их Хурлаа байгуулж, тэртээх 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Байнгын ажиллагаатай парламентын хөрсийг Монголд бодитоор суурьшуулж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий таван гишүүний зүгээс тогтоолын төсөл санаачилж, хүндэт медалийг бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгох заалт оруулж иржээ.

Төслийг хэлэлцэх үеэр гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн одон медаль намынх болж хувирсан. Намынх нь үзэмжээр өгдөг. Энгэрээрээ дүүрэн медальтай суудаг ард түмэн дэлхийд хоёрхон л байна, нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол” гэдгийг илэрхийлсэн. Харин шуудай шуудайгаар нь төрийн одон медалийг өгдөг байдал замаа алдсаныг, 30 хүрээгүй залуус “Алтан гадас” одон зүүж байгааг Ц.Сандаг-Очир гишүүн онцолсон. Насаараа улсдаа хөдөлмөрлөсөн ахмадууд салбарынхаа тэргүүнийг ч авч чадаагүйг тэрбээр нэмж хэлнэ лээ.

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар найман жил, намын хорооны дэд болон даргаар нь 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн, өдгөө УИХ-ын гишүүний албатай яваа Ц.Сандаг-Очир өнгөрсөн хугацаанд хэчнээн хүний энгэрийг Төрийн одон медалиар дүүргэснийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан төрөлх нутагтаа нэгдүгээр хүний эрэмбэтэй явахад нь түүнийг чиглэсэн одон медалийн тодорхойлолт намын хороо болон дүүргийн Тамгын газраар нь “хөглөрдөг” байсан нь мэдээж. УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил парламентад сууж, 2024 оныг хүртэл хууль тогтоогчийн бүрэн эрхтэйгээ үлдсэн Л.Энх-Амгалан гишүүн ч үүнд хамаарна.

Лав л анх удаагаа гишүүнээр ажиллаж эхэлсэн 2012-2016 оны үед Хөвсгөл аймаг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон хүртэж, 24 сумын төлөөлөл оролцсон хүндэтгэлийн жагсаалын гол фон нь Л.Энх-Амгалан гишүүн болж, тэрийгээ төв телевизээр зарлаж л байлаа. “2011 онд Хөвсгөл аймаг төсөл, бизнес форумыг санаачлан зохион байгуулж, маш томоохон зорилтууд дэвшүүлж байв. 

Үүнд Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар холбоно, аймгийн бүх сумыг үүрэн холбооны сүлжээнд холбоно гэх мэт зорилтууд гурван жилийн дотор биелсэн нь харагдаж байна” хэмээсэн нь угтаа бол түүнийх биш тэр үеийн Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтын биелэлт байсан юм.

Дараа нь юу болов. Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшээд унасан, одоогийн парламентын спикерийн орлогч С.Одонтуяаг тухайн үед гишүүнээр ажиллаж байсан С.Эрдэнэ Засаг даргаар томилохоо мэдэгдэж, түүгээр нь ч болсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээж байв. 

Ингэж л Баянгол дүүрэг бусдаасаа хамгийн түрүүнд Төрийн одонт дүүрэг гэсэн тодотголыг зүүв. Шинэ Ерөнхийлөгч, шинэ Засаг дарга, шинэ цагт Төрийн дээд одон хүртсэн гээд Баянголынхон тухайн үедээ л нэн шинэ үеийнхнээр тодорч, бусдынхаа эгдүүцэл, шүүмжлэлийг төрүүлж байсан цаг. Баянгол дүүрэгт бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд байдаг болохоор Улаан тугийн одон гардуулаагүй нь мэдээж.

Зам харгуйг нь дардан сайхан засварлаагүй нь лав биш. Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар ажиллаж байсан, улс төр ялангуяа, МАН-ын нөлөө бүхий зүтгэлсэн Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар очсонд нь өгөөгүй үнэлэлт. Гэхдээ л УИХ-ын гишүүд, дарга нар нь бүгдээрээ л адилхан Монгол хэмээх улсын Төрийн эрхэм дээд одон медалийг өөрсдөө “зүүгээгүй” ч тэнд бус “ТӨРИЙН” хэмээх нэршилтэй Намын шагналын автор, “зүтгүүр”-ээр нь тодорч байлаа.

Чухам яагаад үүнийг бичиж, тодотгоод байгаа нь шалтгаантай. Учир нь, Төрийн дээд одон, медалийг нэр бүхий иргэн хүртэх нь улстөрчдөд ашигтай, иргэдэд халтай тусдаг болохоор. Болохоор гэж болж ирснээс л, энэ бүхнээс асуудал үүссэн юм. УИХ-ын гишүүний сонгогдсон тойрогт сайн ажилласан Намын гишүүн Төрийн одон медалийн, авах хэмжүүр нь байж болохгүйг энд хэлэх гээд байгаа хэрэг. 

Төслийг санаачлагч тайлбарласан байна лээ. “Нийт 1000 ширхэг ойн медаль гаргах бөгөөд зөвхөн УИХ-ын гишүүд бус парламентат ёсыг эхлүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст олгохоор төсөлд тусгасан” гэж. Харин тэр бүгдийг нь өнөөгийн 75 гишүүн бүгд энгэртээ зүүгээд “онгирох”-ыг нэгэн гишүүн шүүмжилсэн. Ганц үнэн нь л энэ юм.

Төрийн эрх барих байгууллагатай холбоотой ойн арга хэмжээ болох бүрд, түүнд зориулсан ямар нэгэн гавьяа шагнал, одон медаль санаачлан өөрсдийгөө шагнадаг нь өнөөгийн буюу өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд уламжлал болтлоо тогтжээ. 

Хамгийн гол нь, 30 жилийн хугацаанд зөвхөн хууль санаачлах, унших, шүүмжлэх, батлах эрх, үүргийг хүлээж ирсэн олон зуун гишүүдээс хэд нь Төрийн дээд одон, медаль зүүж, хэчнээн нь салбарынхаа гавьяат болсон тухай тоо баримт гаргавал, гарын арван хуруунд багтахааргүй олон. Тэдгээрийн ард ямар Нам, хэн гэгч дарга нь “үйлчилж” байсан нь сонирхолтой сэдэв, ухаж үзэх асуудал.

“Залуу насаа Монголын бүтээн байгуулалтын төлөө зориулан зүтгэсэн ахмадуудын энгэр хоосон байна. Одоо 70 наснаас дээш ахмадуудад “Алтан гадас” одонг олгоод, медалийн тогтолцооноосоо салмаар байна. Өөрчлөх цаг нь болсон” гэх Л.Энх-Амгалан гишүүний үг, “Хэдэн хүнд медаль өгөх юм бэ. Энэ тогтоолын төслийг больчих. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. МАН-ынхан ярьж байгаад бүх одон медалийг хориглочихооч. Цаашид одонг цэгцэлье” гэсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үг ч энд ортой л тайлбар юм.

Эцэст нь, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад 30 жил болсны ойн хүндэт медалиас парламент татгалзлаа. Үүн шиг ирэх онд тохиох Ардын хувьсгалын “100 жил”-ийн ойд зориулан гаргах одонгоос ч “нүүр буруулбал” ямар вэ. Тэглээ гээд энэ парламентыг лав муухай харагдуулахгүй. Харин ч дэмжлэг хүлээж мэдэх. Адаглаад ойн медаль зүүхээсээ илүүтэй эхлүүлсэн эрхэлсэн ажилдаа амжилттай яваа нэгэнд одон медалийн дэмжлэг биш бодит хөрсөн дээр буусан хууль, эрх зүйн орчныг нь батлахад анхаарах нь чухал биш гэж үү!!

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН