Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Монгол улсын Гавьяат эмч цолыг С.Занаа, Д.Алтантуяа, Ж.Ариунаа, О.Баянжаргал, З.Бямбаа, О.Ганбат, Д.Гончигсүрэн, Б.Дармаа, Н.Жамган, Д.Жаргалсайхан, Ү.Зуунай, Ц.Ишдорж, А.Оюунчимэг, Б.Оюунцэцэг, Р.Пашка, С.Пүрэвсүх, Б.Уранчимэг, Ц.Чинбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг Я.Эрдэнэ-Очир нарт хүртээлээ. 

 

 

Монгол улсын гавьяат эмч цол тэмдгээр энгэрээ мялаалгасан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн Ахмад эмч С.Занаа гуайн баярын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр, Би эрүүл мэндийн салбарт 50 жил ажилласан. Тэр дундаа хөдөө орон нутагт 50 жил эмчээр ажиллаж, тэтгэвэртээ гарсан юм. Харин өнөөдөр төрийн дээд гавьяа шагнал хүртсэндээ маш баярлаж байна. Энэ өндөр алдар цолд миний нэрийг дэвшүүлсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга тамгын газар болон хамтдаа ард иргэдийнхээ эрүүлийн манаанд  ажиллаж байсан бүх хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье.

Би анх 1970  онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Үүнээс хойш тасралтгүй 50 жил эмчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн юм.  Эрх чөлөөтэй байхын тулд бүгдээрээ халдварт өвчний дэглэмийг хатуу сахиж байх ёстой юм шүү гэж түмэн олондоо захиж хэлье. Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын хүнд үед иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа эмч нараараа бахархаж байна. Та бүхэндээ болон Монголынхоо ард түмэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.