УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ашиг малтмалын тухай" хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 51.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 31 нь төслийг хэлэлцэхийг дэмжив.

Хуулийн төсөлд орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байхаар зааж өгчээ. Мөн эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, ашигт малтмалын ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих, цаашилбал улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий ашигт малтмалын ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг заалтууд багтжээ.