Д.БЯМБАСҮРЭН

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхантай ярилцлаа. 

-Он гарсаар манай улсад 39.786 газар хөдлөлт бүртгэгджээ. Магнитутын хэмжээгээр бага газар хөдлөлт өдөр бүр болсоор байдаг уу? ­

-Тийм ээ. Хэчнээн магнитут газар хөдөлж байгаагаасаа шалтгаалан мэдрэгддэг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 3.5 магнитутын газар хөдөллөө гэхэд Улаанбаатарт мэдэгдэхгүй шүү дээ. Тухайн газар хөдлөлтийн голомтод байгаа хүн л илүү мэдэрнэ.

-Энэ нь өмнөх жилүүдээс өссөн тоо юу?

 -Энэ оны хагас жилийн байдлаар газар хөдлөлтийн тоо ойролцоогоор зургаа дахин өссөн. Энд 3.5 магнитутаас илүү хүчтэй газар хөдлөлийн тоо дөрөв дахин өссөн. Хөвсгөлийн Ханхын 6.5 магнитутын газар хөдлөлтөөс үүдэлтэйгээр тоо өмнөх жилүүдээс өссөн. 

-Манай улс газар хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг уу?

 -Газар хөдлөлтийн аюултай бүсэд манай улсын нутаг дэвсгэр багтана. Үүний жишээг газар хөдлөлтийн өнгөрсөн түүхээс харж болно.ХХ зуунд манай оронд дөрвөн удаа магнитутад найм ба түүнээс илүү хүчтэй газар хөдөлж байсан.Тэгэхээр манай улсыг идэвхгүй бүс гэж хэлж болохгүй. Тухайн үед хүн амын нягтаршил бага байсан. 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтөөр уулын чулуунд цохигдон 10 хүн ам насаа алдаж, олон тооны мал хорогдож байснаас байшин барилгын нуранганд хүний амь хохирсон баримт байгаагүй. Сүүлийн 30 жил маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэхгүй байсан ч энэ оны нэгдүгээр сарын 12-нд Ханх суманд 6.5 магнитутын газар хөдлөлт болж, Улаанбаатар, Хөвсгөл, Завхан, Дархан зэрэг аймагт чичирхийлэл, доргилт мэдрэгдсэн. Мөн Дорнод аймгийн Матад суманд өнгөрсөн оны долдугаар сард 5.1 гэсэн магнитуттай газар хөдөлснийг онцлох шаардлагатай. Саяхан мөн Дорнод аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөллөө. Манай улсын газар хөдлөлтийн гол бүс нь баруун бүсийн аймгууд юм. Энэ онд Хөвсгөл аймагт 3.5 магнитутаас хүчтэй давтан газар хөдлөлийн тоо 230 гарчихаад явж байна. Энэ бүс нутагт сулавтар хүчтэй давтан газар хөдлөлт одоо ч бүртгэсээр байна. 

-Газар хөдлөлтийн цөм гэгддэг Японд газар хөдлөх тухай урьдчилсан мэдээлэл өгдөг юм билээ. Манайх бол мэдээлэл байхгүйгээс гэнэт хүчтэй газар хөдлөхөд иргэд айж сандардаг шүү дээ?

 -Олон улсад хүчтэй газар хөдөлсний дараад долгион ирэхийг амжиж анхааруулах дохиоллын систем ашигладаг. Энэ үүднээс “Амжиж анхааруулах” системийг байгуулсан. Энэ нь гэхдээ Улаанбаатар хотод аюул учрах, байшин барилга нураах хэмжээний газар хөдөлсөн тохиолдолд дохиолол өгнө. Харин тухайн газар хөдлөлт Улаанбаатар хотод аюул учруулахгүй бол “Амжиж анхааруулах” дохиолол ажиллахгүй. Мөн хүчтэй газар хөдлөлт боллоо гэсэн мессежийг хүн бүрийн утсанд нэгэн агшинд илгээх боломж гар утасны операторуудад бий болоогүй байна. Нэгдсэн мэдээллийг цахим орчинд тавина. Ингэхдээ гурваас дээш магнитуттай газар хөдөлсөн тохиолдолд мэдээлдэг. Урьдчилан таамаглах бол урт дунд, богино хугацааны гэсэн гурван хэсэгтэй. Сүүлийн үед газар хөдлөлтийн тоо, хүч ихэссэн. Ихэссэн гэдэг нь дараагийн илүү хүчтэй магнитуттай газар хөдлөлт ойртож байгаагийн дохио.

 -Газар хөдлөлтийн бүртгэл хэрхэн явагддаг вэ? 

-Газар хөдлөлтийг аймаг, хот аль ч газар хамгийн ойр байрлах станц ойролцоогоор 100 километрийн зайнаас эхлэн бүртгээд явдаг. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийг 10 секундээс дөрвөн минутын дотор бүх станцууд бүртгэж авна гэсэн үг. Тэгээд тухайн станцуудын мэдээлэл цаг алдалгүй хот руу илгээгдэнэ. Энд автомат бодлогын горимоор газар хөдөллөө гэсний дараа хоёр минутад бүх бодлого автоматаар хийж, жижүүр операторууд 10 минутын хугацаанд мэдээллийг хянадаг. 

-Ойрхон газар хөдлөлт үүсэж байгаа шалтгааныг тодруулсан болов уу? 

-Одоогоор газар хөдлөлтийг байгалийн ба хүний хүчин зүйлээс хамааралтай гэж хоёр ангилж үзэж байгаа. Хөвсгөлийн газар хөдлөлт нь хүнээс хамааралгүй бол Дорнод аймгийн Матад суманд газрын тос олон жил олборлож байгаагаас техноген буюу хүний үйл ажиллагаанаас хамааралтай газар хөдөлж байна. Үүнийг илүү нарийвчлан судлах зорилгоор энэ оны тавдугаар сард газар хөдлөлийн станц суурилуулан ажиллуулж эхэлсэн. Энэхүү судалгааны үр дүн ирэх сард гарна. 

-Орон нутгаас нийслэл өндөр барилгууд ихтэй. Энэ нь газар хөдлөлтийн мэдрэгдэх байдалд нөлөөлдөг байх?

 -Мэдээж нөлөөлнө. Мөн хөрсний чанараас ч хамаарна. Хөвсгөлийн хүчтэй газар хөдлөлтийн сейсмик долгионы зонхилох давтамж Улаанбаатарт 1.5-2.0 герцийн хооронд байсан. Улаанбаатарын хөрс олон төрөл. Туул голын эрэг хавьцаа гэхэд 1.0-4.0 герцийн бүс бий. Үүн дээр барилгын өөрийнх нь хувийн давтамж бий. Ингэхээр барилга, хөрс, газар хөдлөлтийн зонхилох давтамжуудын үелзэл нэг мужид байвал резонансанд орсон барилга илүүтэй хэлбэлзэлд орно. 

- Газар хөдлөлттэй холбоотойгоор барилга, орон сууцад тавигдах шаардлага байдаг уу? 

-Анх байшин барилга баригдаж эхэлснээс хойш газар хөдлөлтийн судалгааг нормынх дагуу хийдэг. Ингэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн аюулын баллыг долоо, баруун талдаа бол найман баллын бүс гэж тооцдог. Үүнийхээ дагуу норм стандартаа боловсруулаад, Улаанбаатар хотод долоон баллд аюултай гэж тооцож ирсэн. Харин 2000 оноос хойших судалгааны дүнд 7, 8, 9 баллын аюултай бүсүүдэд хуваасан байгаа. Энэ дагуу барилгууд баригдаж байна. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  онцгой анхаарч хяналт тавин ажиллаж байна. Сүүлийн үед баригдаж байгаа өндөр барилгын зургийн инженерүүд тогтмол манайхаас дүгнэлт авч байгаа. Бид байшин, барилгын суурь хөрсөнд ирэх газар хөдлөлтийн долгионы хүч, зонхилох давтамж зэргийг тодорхойлж өгдөг.

 - Манай улсад газар хөдлөлтийн нийт хэчнээн станц байна вэ. Хүчин чадлын хувьд хэр бол? 

-Манай улсад 80 байршилд 140 гаруй станц ажиллаж байгаа. Энэ бол чамлахаар тоо биш. Станц хоорондын зай ойролцоогоор 150 км ихгүй. Манай улсын станц дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Хүчин чадлын хувьд асуудалгүй. Улсын нутаг дэвсгэрт нэг магнитутын хүчтэй газар хөдлөлт хаана ч болсон бүртгэж чадна. 

-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ямар ажил явагдаж байна вэ?

 -Хамгийн эхэнд бид газар хөдлөлтийн аюулын газрын зургаа зохиогоод өгсөн. Газар хөдлөлийн баллын бүс нэг шатаар дээшлэхэд барилгын зардал 20 хувиар өсдөг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН