Дэлхийн 240 гаруй орны бүрэн, дунд сургуульд хэрэгжүүлж байгаа Moodle системийг Монголын хөрсөнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль анх удаа санаачлан нэвтрүүлэн хэрэглэж буй билээ. Тэгвэл тус сургууль хоёр дахь том систем болох  Дэлхийн номын сангийн КОХА системийг  сургалтдаа нэвтрүүлэн амжилттай туршжээ.

 

Энэхүү системийн талаар  тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатaраас тодрууллаа. Тэрбээр, сургуульдаа дэлхийн номын сангийн КОХА системийн туршилтыг бид амжилттай хийгээд явж байна. Манай сургууль Орос, Япон, Англи, Хятад, Солонгос, Герман гээд зургаан хэлийг гүнзгийрүүлэн судалдаг. КОХА системийг нэвтрүүлснээр тухайн орныхоо үндэсний номын сан руу шууд нэвтэрдэг болсон. Ингэснээрээ хүүхдүүд өөрийн судалж буй хэлтэй холбоотой ном, сурах бичгээ хаанаас ч уншиж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай. Үндэсний номын сан, Нацагдоржийн номын сан, Хүүхдийн номын өргөө гээд номын уншлагатай холбоотой байгууллагуудтай холбогдон гэрээгээ байгуулж ажиллаж байна. Үүний үр дүнд хүүхдүүд системээрээ дамжуулж номоо өөртөө хэрэгцээтэй бүхий л номоо уншдаг болсон. Хүүхдийн цүнхний ачаалал хүүхдийн биеийн хөгжилд асар их сөргөөр нөлөөлж байгаа. Энэ ачааллыг бууруулахын тулд боловсролын яамнаас батлан гаргасан 1-12-р ангийн сурах бичгийг бүгдийг нь системдээ байршуулсан. Энэ гурван том шийдлийг КОХА системийн тусламжтай бид хийлээ. Энэхүү системийн үр дүнд хүүхдүүдийн  ном унших сонирхол нь нэмэгдэж байна. Номын фондыг нэмэгдүүлэх, хандалт судалгааг багш, сурагчдыг оролцуулаад авчихдаг болсон. Үүгээрээ өнөө цагийн хүүхдүүд ямар номыг сонирхож байна. Юу хүсэн хүлээж байдаг зэргийг мэдэж авах бололцоо нээгдсэн юм. Яамнаас гаргасан сурагчдын заавал унших номын жагсаалт гэж бий. Энэхүү жагсаалтаас гадна энэ нийгмийн хүүхдүүд маш олон төрлийн сонирхолтой номыг уншихыг хүсдэг юм байна гэдгийг мэдэж авлаа. Жишээлбэл, одоогийн байдлаар "Бэрхшээл гэж юу вэ" номыг 800 гаруй хүүхдүүд уншжээ. Гэтэл энэ ном сурах бичгийн агуулгад байдаггүй байгаа. 500 гаруй хүүхэд Д.Гармаа гуайн "Хөгжөөнтэй туужууд"-ыг уншсан байна.  Энэ мэтчлэн бүхий л судалгааг гаргаж болдог нь КОХА системийн давуу тал. Мөн сурагчдыг бие дааж өөрийгөө хөгжүүлэхэд ихэээхэн хувь нэмэртэй болж ирсэн хэмээн ярилаа.

 

Монгол улсад орчин цагийн Номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиосон. Энэ ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд уралдаан зарлаж 800 гаруй дунд сургуулиас 23-р сургууль “Шилдэг номын сан”-аар шалгарч Соёл яамнаас батламж, цом, мөнгөн шагналаар шагнуулжээ.