Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Туркийн Истанбул хотод болж байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Истанбулын дэвжээнд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисийн Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 оноогоор цэвэр цэвэр ялжээ.

Тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ.

Х.Болортуяа 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус бүр цэвэр ялсан байна.