-СУДАЛГААНААС ХАРАХАД НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫН ЧАНАР, АЗ ЖАРГАЛ БУУРЧЭЭ-


Машин таглаж тавьсан нэгнийгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэг саявтар гарсан. Энэ эмгэнэлтэй хэргийн халуун мөр гүйцэд арилаагүй байхад зогсоолтой холбоотой маргааны улмаас нэгнийхээ амийг хохироосон хэрэг гуравдугаар сарын 12-нд гарлаа. Жижигхэн зогсоолын төлөө үл ойлголцож 38-тай залуу өөрийнхөө аав шиг хүний биед халдаж амийг нь хөнөөсөн байна.

Хэрэг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн хажуу дахь “Хүслийн өргөө” хотхоны ..дугаар байрны ойролцоох зогсоолд болжээ. Хэргийн мөрөөр сурвалжиллаа. “Хүслийн өргөө” гэх шар алаг хотхон 12 давхар гурван барилгатай. Хоёр байр нь дундаа 10 машины ганц зогсоолтой юм байна. Хэрэг тус зогсоолд болжээ. Хотхоноос гарахад хоёр л гарц байдаг бололтой. Үүнтэй холбоотойгоор хотхоноос гарч ороход өглөө оройдоо түгжрэл үүсч оршин суугчдын хооронд тогтмол маргаан гардгийг ойр орчмынхон онцолж байлаа.


Хэргийн газар болсон үйл явдлын талаар тус хотхоны жижүүрээс тодрууллаа.


-Танай орон сууцны гадна авто зогсоолтой холбоотой маргаан гарч ... настай эрэгтэй амь насаа алджээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-Хэрэг гуравдугаар сарын 12-ны өглөө 08:00 цагийн алдад болсон байх. Би тухайн үед байрны гаднах талбай цэвэрлэж байсан юм. Гэтэл ойролцоох байрны хоёр эрэгтэй юу юугүй л хэрэлдээд бие бие рүүгээ дайраад эхэлсэн. Хажуунаас нь анзаарахад зогсоолоос л болсон юм шиг байна лээ.Уул нь энэ байрны гаднах талбай нийтийн өмч. Хэн нэгний өмч биш. Нэг хотхоны хөршүүдийн хооронд юунаас үүдэж тийм ширүүн маргаан эхэлснийг мэдэхгүй юм.

-Та тухайнд үед хажууханд нь байжээ. Ямар асуудлаас үүдэж маргалдсан юм бол?

-Бие бие рүүгээ хашхираад эхлэхэд нь харсан. Би ойлгохдоо хэрэгт холбогдсон залуу тээврийн хэрэгслээ буруу байршуулсан байсан юм уу даа л гэж харсан. Настай хүн шаардлага тавиахад нь цочмог уурласан байх. Маргалдаж байснаа залуу өөрөөсөө хамаагүй ахмад хүнийг юу юугүй боож унагаад л дээрээс нь хэд дэлсээд авсан. Настай хүн босч ирээгүй. Болсон үйл явдал гэвэл ердөө л энэ. Үйл явдал хормын төдийд л болж өрнөсөн. Ингээд түргэний машин ирээд, араас нь цагдаагийнхан тэр дороо ирж байна лээ. Нам тайван байсан амралтын өдөр гэнэт л бөөн шуугиан болж хувирсан даа. Хэрэгт холбогдсон залуу энэ байранд гэр бүлээрээ амьдардаг. Таарахдаа мэнд устай л явдаг. Би энд нэлээн хугацаанд ажиллаж байна. Тэгж их цочмог уурлаж байхыг нь би хараагүй. Тухайн үед яагаад тэгж огцом уурласныг нь мэдэхгүй юм.

Алга эргүүлэхийн төдийд л амьдрал нь сүйрчихлээ шүү дээ, харамсаад барахгүй байна. Зүгээр гэрээсээ гарсан залуу ийм тоогүй асуудалд орооцолдчихлоо. Хүнтэй харьцахдаа жаахан хүлээцтэй хандаж, ганц хором тэвчээд өнгөрөөчихсөн бол өнөөдөр хэн хэн нь эв эрүүл, сав саруул явж байх байлаа шүү дээ. Залууг тэр дор нь цагдаагийнхан баривчлаад авч явсан. Маргалдсан зогсоол нь одоо түүнд хэрэггүй болсон гэв.

Ажил амьдрал нь ид цэцэглэж байсан залуу алга эргүүлэхийн хоромд л торны цаана орчихсонд жижүүр эмэгтэй харуусаж сууна. Түүнчлэн “Тэрхэн хормын түргэн уурыг л тэвчээд өнгөрчихсөн бол амьдрал нь хэвийн үргэлжлээд явах байлаа” гэж үйл явдлыг дэргэдээс нь харсан гэрч эмэгтэй хэлж байна.


Сэтгэл судлаач А.Мөнх-Өлзий: Монголын нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна


Нийгмийн сэтгэл зүйн уур бухимдал дээд цэгтээ тулж ирсний нотолгоо нь энэ үйл явдал гэдгийг сэтгэл судлаачид онцолж байна. Жижигхэн зүйлд л дэлбэртлээ уурлаж нэгнийгээ яахаас ч буцахгүй болсон нийгмийн сэтгэлзүй юутай холбоотойг сэтгэл судлаач А.Мөнх-Өлзийгөөс тодрууллаа.


-Өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн талаар танаас тодруулах гэсэн юм. Хормын хугацаанд тэвчээд л амархан шийдэх асуудалд сөрөг хандлага гаргаж, дэвэргэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Хүн амд хийгдэж буй судалгаа тоо баримтуудад үндэслээд хэлэхэд нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь анзаарагдаж байгаа. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт зэрэг өссөнтэй холбоотой. 2003 оноос хойших гэрлэлт ба салалтын тоон утгаас авч үзэхэд өдөрт арваас илүү гэр бүл салж, тухайн гэр бүлийн хүүхдийн тооноос хамаараад жилд арав гаруй мянган хүүхэд хагас гэр бүлд өсч торниж байна. Хүний оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дэмжлэг муугаас нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд их болдог.Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд нь амьдралд хэт хурдан тусгалаа олдог учраас хүмүүст бухимдал төрүүлдэг.

Тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг.Манай нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байна.

-Хүмүүс хүлээцгүй, тэвчээд өнгөрөх асуудалд сөрөг хандлага гаргаж байгаа нь нийгмийн сэтгэл зүй гэмтсэнтэй холбоотой юу?

-Ер нь тийм. Өнөөдрийн нийгэмд нийт айл өрхийн 70 орчим хувь нь өнөө маргаашаа аргацааж амьдарч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байна шүү дээ. Хүн бүр л их бага байдлаар сэтгэлийн дарамттай нийгмийн харилцаанд оролцож байна гэхэд хилсдэхгүй. Ийм эмзэг үедээ хэн нэгэнтэй шөргөөцөлдөхөд эмоци гаргаж болно. Ийм тохиолдлоор хялбархан шийдэх үйл явдалд сөрөг хандлага гаргаж асуудлыг хүндрүүлсэн тохиолдол олон бий. Тэрхэн хоромд дүрэлзсэн уурыг нь дараад өнгөрөхөд л амьдрал хэвийн үргэлжилнэ. Оволзсон уур арван секунд л үргэлжилнэ. Иймхэн хугацааг л дараад өнгөрөх ухамсар хүнд байх хэрэгтэй хэмээв.