Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл II” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Хурлын үндсэн зорилго нь дэвшилтэт технологийг байгалиа хамгаалах өв соёлтой хослуулах замаар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаач залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр байрт шалгарсан судалгааны ажлыг Монгол улсад хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Энэ удаагийн ээлжит хурлыг ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд:

- “Залуучууд-Монголын ирээдэй” уриа бүхий 3.1.9. заалтад...төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжиж ажиллах;

-Эх дэлхий-Та бидний гэр” уриатай 3.2.7 заалтад “Монгол эх орныхоо газар нутгийн хуурайшилт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх ажил иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлнэ...” хэмээн тусгасныг тус тус үндэслэн “Монгол үндэстний байгаль орчноо хамгаалах өв соёл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.

Хуралд Монгол улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухаан технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Европын Холбооны Парламентийн гишүүн бөгөөд Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар, Б. УИХ гишүүн Жаргалмаа, Өргөмжит Ерөнхий консул др.Андреас Питум, Людвиг Максимиллан сургуулийн эрдэмтэд тэргүүтэй болон үе үеийн герман монгол улсын чухал төлөөлөгчид оролцож, шүүгчдийн баг нийт 5, хөндлөнгийн 2 шүүгч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.

Хурлыг Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл, Бавари мужийн "Отгонбаяр консалтинг сервис" ХХК хамтран зохион байгуулж, Ханнс Зайделийн сан ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Энэ удаагийн хурал Бавари мужид мөрдөгдөж буй цар тахлын хууль журмын дагуу цөөн тооны буюу нийт 70 орчим зочид төлөөлөгчид мөн зохион байгуулагч нар оролцлоо. Хурал хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд нийт 5 оролцогчдын бүтээл шалгарсан ба салбар бүрийн сонирхолтой сэдвүүд хэлэлцэгдсэн билээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол, герман нийт 5 хүн ажилласан бөгөөд Ерөнхий шүүгчээр Ч.Лодойравсал ажиллаж маш шударга, ил тод явагдсаныг тодотгож байна. Шүүгчид үндсэн 8 үзүүлэлтэнд тулгуурлан ялагчдыг тус тус тодруулав. Үүнд:

1. Судалгааны зорилго

2. Судалгааны арга зүй

3. Сэдвийн үндэслэл

4. Сэдэв судлагдсан байдал статистик үзүүлэлт

5. Илтгэх ур чадвар

6. Судалгааны үр дүн, ач холбогдол

7. Шийдлийн гарц арга зам

8. Санхүүгийн эдийн засгийн тооцоо гэсэн үзүүлэлтүүдийг харгалзав.

Тэргүүн байрт Б. Энх-Амгалангийн (BUT-Politechnika Bialostocka) “Байгальд ээлтэй амины орон сууцны архитектур төлөвлөлт “ шалгарч

Дэд байрт докторант Т.Пүрэв-Очирын (Technische Universität Bergakademie Freiberg) “Зэс, алтны баяжмалыг байгальд ээлтэй технологи ашиглан боловсруулах нь”,

харин гуравдугаар байрт Л.Тэмүүлийн („Infraview GmbH“ Mainz- Мэдээллийн технологийн салбарын захирал) “Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах шийдэл - Трамвай“ гэсэн бүтээлүүд шалгарлаа.

Хурлын туршид герман, монгол хэл дээр синхрон орчуулга маш өндөр төвшинд Б.Батхишиг, А.Мажиг нар хийсэн юм. Бидний энэ удаагийн хурлыг зохион байгуулахад дараах байгууллагууд дэмжиж оролцов.

1. Ерөнхий ивээн тэтгэгч Ханнс Зайделийн сан,

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал буюу 3,000,000 төгрөг,

3. Нэгдүгээр байр: Үйлсийн зам ХХК 1000 евро,

4. Миат ХХК /Франкфурт-УБ-Франкфурт билет/,

5. Евро Мон АБ /500 евро/,

6. ХБНГУ дахь Монгол улсын Элчин сайдын яам

7. "Отгонбаяр консалтинг сервис" ХХК,

8. Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан

9. Silkroad GmbH,

10. Network Mongolia

11. Globus Podcast,

12. ЕТГ хэвлэл мэдээллийн алба

13. Монголын Урчуудын хорооны уран барималч Д.Гэрэл

Залуучууд биднийг үргэлж дэмждэг бүх тусалж дэмжсэн болон хамтран ажилласан хүмүүст, зочид төлөөлөгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хурал цаашид жил бүр Европын холбооны улс орнуудад суугаа монгол ахан дүүс эрдэмтэн залуучууд герман монгол улс ялангуяа Бавари мужийн Форум болж өргөжих нь тодорхой болов.

Монгол залуучууд нэгдэн нийлж хамтдаа эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ зориулахад бүтээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсныг дурьдахад таатай байна.