Боловсролын Үнэлгээний Төвөөс улсын шалгалтын хуваарийг тавдугаар сарын 11-ний өдөр танилцуулсан. 

Ингэхдээ зургаадугаар сарын 14-нд

  • есдүгээр ангийнхны Математикийн
  • 12 дугаар ангийн Математикийн 
  • МСҮТ-д суралцагчдын Математикийн хичээлийн улсын шалгалтыг мөн товлосон байгаа. 

Гэвч энэ өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр таарч байгаа юм. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг. Харин бүх нийтээр амрах өдөр улсын шалгалтууд ийнхүү товлогдсон байгааг өөрчлөх эсэхийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад "Засгийн газраас зургаадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна гэж албан ёсоор зарлавал улсын шалгалтын хуваарийг өөрчилнө" гэлээ.

Энэ жил зуны тэргүүн сар хоёр удаа тохиож байгаа. Ингэснээр аль өдөр бүх нийтээрээ амрах вэ гэх эргэлзээ нийтэд үүсгэсэн юм. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн сайд А.Ариунзаяа "Бурхан багшийн Их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа.

Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна" хэмээн тайлбарласан юм.