БНСУ-ын богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визийн хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Уг мэдээлэлд:

"Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визийн мэдүүлэг авч эхлэхээр боллоо.

Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз:

  • Богино хугацааны(С-3) визийн хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэд хамаарна.
  • 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
  • Олон удаагийн(Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс хойш шууд ашиглах боломжтой.
  • Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
  • БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз хэвийн олгогдож эхэлнэ.

Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визийн портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.

Энэхүү шийдвэр 2022 оны зургаадугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх шийдвэр өөрчлөгдөх боломжтой" гэсэн байна.