БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр:  "Ерөөсөө л Х.Нямбаатарыг ҮЗЭН ЯДАЦГААЯ!!! Яагаад гэж үү? Хариулт нь маш амархан. Сая ам.долларын хадгаламжтай олигархи шүүгч Төрийн хууль цаазын өмнөөс шударга ёс ярьж, бусдын амьдралыг дэнслэн алх цохиж байсныг анхлан шүгэл үлээснийх нь төлөө. Улс төр, бизнесийн хамаарал бүхий хэтэвчээрээ нэгдсэн МАНАН бүлэглэлийнхний төдийгөөс өдий хүртэл угсарсан "Хонгил"-ын хана хэрмийг нураах тэмцлийг эхлүүлж, лантуу барьсан учраас. 

"Улсын эцэг"-ийн энтэй нэгэн Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт заларчихаад хэнийг яллах, яллахгүйг хөмсөг зангидсан харцаараа дамжуулан шүүгч, прокурорт үүрэгддэг байсныг эмээж, халгалгүй илчилж орхисон болохоор. Монгол, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршийн импортын бүтээгдэхүүний гол хөшүүрэг болсон Эрээн, Замын-Үүдийн боомтод эзэн сууж, улс дотор улс байгуулан мафимз болтлоо томорч, хүчирхэгжсэн хэсгийн хулгайг ханз үсэргэснийг нь бас шүүе. Ерөөсөө л түүнийг үзэн ядацгаая!

 

Олон жилийн турш гацаанд орж, олон ч Засгийн газар, Ерөнхий сайдын өнгөнд урагшлаагүй, ширээн дээрээ шарласан Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, олон сарын турш сайн, муугаа хэлэлцсэний эцэст 2.3 тэрбум ам.долларыг тэглүүлж, Монгол Улсад ирэх ашгийг наашлуулсных нь төлөө сайдаас нь огцруулъя.

 

С.Баяр шиг өөрөөрөө бахархаж, С.Баярцогт шиг өөрийгөө хамгаалж, Ч.Сайханбилэг шиг харь улсаас цээжээ дэлдэх бус цэвэр Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс том төслийн, том хөрөнгө оруулагчидтай яг цав, яс байр сууриас хандсан учраас бүр УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлье.

Хувийн сургууль төгссөнөөр нь буруутгаж, хамаг галыг өөр дээрээ төвлөрүүлж, мөн сөрж явдаг тэнэг гэмээр зоригийг нь нэгмөсөн мохооё. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бусдын бараагүй, барж чадаагүй, барахыг ч хүсээгүй унтаа жишигт салхи оруулсныг нь жигшицгээе!

 

Хувь, хувьсгалынхан нь нийлж, нэгдэж, нягтарч нийгмийн бодит дайсан болж, байх ёстой мэт бодит хулгайг сөрж зогссоод, хуулийн хайчинд оруулж буйг нь буруутгаж, улс төрийн дэвжээнээс шахаж гаргацгаая! МАНАН-г сэргээн мандуулж, бүтээсэн "Хонгил"-ыг нь бэхжүүлж, хулгайчдын эринг дахин тунхаглаж,  эргэн төрийн толгойд залцгаая. Х.Нямбаатарыг үзэн ядах шалтгаан ердөө л энэ. Ерөөсөө л тэр хулгайчдын заналт дайсан юм хойно. Гэхдээ энд ганц үнэн бий. Тэр үүнийг хүлээн ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Итгэл үнэмшил, байр сууриндаа бат зогсох зориг нь байгаа цагт тэр хэзээ ч зогсохгүй л байх. Хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л сая зодог тайлж мэднэ" гэжээ.