Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Цар тахлын улмаас эдгээр автобусыг авч ирэх ажил удаашраад байсан тухай холбогдох албаныхан мэдээлж байв.

Харин 60 автобусыг Улаанбаатар хотод авчирсан байна.

Шинээр ирсэн нэг давхар автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ. Уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай байна.

Үүнээс өмнө цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10 ширхгийг оруулж ирэн үйлчилгээнд явуулж эхлээд байгаа юм. Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогджээ.