Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол, усанд машинаа угааж бохирдуулах зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ төрлийн зөрчлийг хуулийн дагуу хэрхэн зохицуулдаг талаар Экологийн цагдаагийн албаны холбогдох эх сурвалжаас тодруулахад "Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог.

Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих 

8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй (100,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй (1000,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчилд хяналт тавих ажлыг тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба хаагчид болон гол мөрний усан сан бүхий газраас хяналт шалгалтуудыг тогтмол явуулдаг. Энэ хүрээнд Экологийн цагдаагийн албанаас Туул голын сав газрын захиргаатай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн усан сан бүхий газруудад улсын байцаагч нар байнгын эргүүл хийдэг.

Иргэдийн зүгээс зөрчлийн зургийг нь аваад мэдээлэх үүрэгтэй. Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны 7019-1070 утас руу залгаж мэдээлэх боломжтой" гэв.

Голд машинаа угаасан тохиолдолд 7.2 сая төгрөгөөр торгох зохицуулалт нэмэгдсэн талаарх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ тухай "Зөрчлийн тухай хуулиараа буюу дээрх арга хэмжээний дагуу шийдвэрлэж байгаа" хэмээн хэлсэн юм.