Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хүүхдийн вакцин болон эрүүл мэндийн байгууллагын бусад бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "КОВИД-19-ийн эсрэг "Pfizer-BioNTech" вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарих Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүүхдийн салбар зөвлөл, дархлааны салбар зөвлөл зэрэг байгууллагуудын саналыг авсан.

АНУ 2021 оны аравдугаар сараас, мөн Европын олон оронд хүүхдэд вакциныг хийж эхэлсэн. 

Омикроны BA.4, BA.5 хувилбар нь 11-ээс доош насны хүүхдэд эрсдэлийг нэмэгдүүлж, эмнэлэгт хэвтэлтийг нэмэгдүүлж, нас баралт нэмэгдэх эрсдэл байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан гэдгийг ойлгоорой.

Мөн цаашид эмнэлгийн орны зохицуулалтыг төвлөрүүлж хийнэ. Зөвхөн хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж байгаа иргэдийн хувьд гэрээрээ дархлаагаа дэмжиж, шингэн зүйл сайн ууж, халуун юм ууж, хоолоо сайн идэх хэрэгтэй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 3-6 сараар бүрдүүлсэн.

Намраас нөхцөл байдал хүндрэх эрсдэл байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барих зөвлөмжийг хүргүүлж байна" гэв.