АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалын дараа Хятад улс Тайвань орчмын тэнгист цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна гэж BBC мэдээллээ.

Пелоси Тайваньд богино боловч нэлээд маргаан дэгдээсэн айлчлал хийснийхээ дараа лхагва гарагт дараагийн оронд айлчлахаар арлыг орхисон юм. Түүний Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ “зүй ёсны бөгөөд гарцаагүй шаардлагын улмаас" пүрэв гарагт цэргийн сургуулилалт явуулж эхлэх болсноо зарласныг NHK мэдээллээ.

Мөн Хятадын байлдааны 27 онгоц Тайваний агаарын орон зайд ойр ниссэнээс 22 нь дундын шугамыг давсан гэж Тайваний албаныхан мэдээлсэн байна. Тайваний батлан хамгаалах яамны мэдээгээр, Хятадын цэргийн онгоцнууд нэг өдөр ийм олноор Тайваний талын зааг шугамд нэвтэрч байсан тохиолдол тун цөөхөн. Цэргийн онгоцнууд зааг шугамыг давах нь туйлын өдөөн хатгасан үйлдэлд тооцогдож байна.

Хятадын талаас Тайванийг тойрон 6 бүсэд галын бэлтгэл сургуулилалт болон цэргийн бусад үйл ажиллагаа явуулахаа мэдэгдээд байгаа юм.

Усан замын хөл хөдөлгөөн идэвхтэй бүсэд "холын тусгалтай сум ашиглан" сургуулилах тактик мөн энд багтахыг Хятадын талаас мэдэгджээ. Эдгээр бүсийн тоонд Японы эдийн засгийн хаалттай бүс мөн орж байгаа боловч Тайваний хэвлэлүүд өөрийн дэвсгэр усанд хамааруулан мэдээлж байгаа талаар NHK-н мэдээнд мөн дурджээ. Тайвань сургуулилтаас зайлсхийхийн тулд өөр зам хайж олохын тулд хөрш зэргэлдээх Япон, Филиппинтэй нисэхийн өөр зам хайхаар хэлэлцээ хийж байна гэж албаныхан мэдээллээ.

Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ гэсэн "Долоогийн бүлгийн" орнуудын Гадаад хэргийн сайд нар асуудлыг намжаах зорилготой хамтарсан мэдэгдэл хийж, Хятад улс хурцадмал байдал үүсгэж байгаа нь бүс нутагт тогтворгүй байдал дэгдээх эрсдэлтэй гэж мэдэгджээ. "Айлчлалыг Тайванийн хоолойд цэргийн түрэмгий үйл ажиллагаа явуулах шалтаг болгон ашиглах үндэслэлгүй. Долоогийн бүлгийн гишүүн аль ч улсын хууль тогтоогчид олон улсад зорчих нь хэвийн үзэгдэл" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ