Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 17, төрийн бус өмчит зургаан Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газар буюу супермаркет, хүнсний дэлгүүр, хүнсний мухлаг,  ТҮЦ зэрэгт хяналт шалгалт явуулжээ.

Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн А/369 дүгээр тушаалын хавсралтад заасан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад тусгасан хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтын байдлыг шалгасан байна.

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл илэрчээ.

Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулав.

Мөн хүнсний худалдааны газруудад Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.