Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаад паспорт захиалах иргэдээс цээж зураг шаардахгүй, тухайн бүртгэлийн хэлтсийн ажилтан өөрөө авна хэмээн мэдээлж байв.

Харин энэхүү үйлчилгээний талаар зарим зүйлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас/УБЕГ/ тодруулж асуулаа.

"Гадаад паспорт захиалах иргэний цээж зургийг авах үүрэг бүртгэлийн ажилтанд нэмэгдсэн. Нийслэл, орон нутгийн бүртгэлийн ажилтнуудыг бичиг баримтын стандартад нийцсэн гэрэл зураг авах сургалтад хамруулсан юм. Бүртгэлийн ажилтнуудыг хувийн хэвшлийн гэрэл зургийн сургалтад дөрвөн удаа хамруулсан. Мөн өнөөдөр дүүргийн болон НҮНТ-ийн бүртгэлийн хэлтсийн салбаруудын ажилтнуудад практик сургалтын зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Одоогоор гадаад паспортын зураг муухай гарсан гэх гомдол ирээгүй. 

Иргэдээс гадаад паспорт захиалахдаа цээж зураг шаардахгүй байх нь тэдний цаг хугацааг хэмнэх, орон нутгийн захиалагчид зургаа шуудангаар явуулдаг байдлыг халах, төрийн хэмнэлтийн хуулийн дагуу цаасны хэрэглээг багасгах ач холбогдолтой юм.

Орон нутгийн иргэдийн хувьд гадаад паспорт захиалахдаа цээж зургаа шуудангаар Улаанбаатар руу ирүүлдэг байсан юм. Одоо тэгэх шаардлагагүй тухайн бүртгэлийн хэлтсээс зургийг УБЕГ-т цахимаар илгээдэг болсон.

Энэхүү үйл ажиллагааны цаана төрийн ямар нэгэн бизнес явагдаагүй" гэсэн мэдээллийг өглөө.

УБЕГ нь нийслэл, орон нутаг гээд нийт 40 салбараар үйлчилгээ үзүүлдэг байна.