Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” холбооны тэргүүн Б.Амарсанаа: 

- Манай холбоо нээлттэй ил тод үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн үед манай холбоонд "Ворлд плас дижитал" компанийн гаргасан койны талаар иргэдээс нэлээд их гомдол ирсэн. Тиймээс өнөөдөр холбооны зүгээс тус компанид асуулга тавихаар зарим хохирогчдын төлөөлөл болох иргэдтэй ирсэн боловч албан тасалгаа нь хоосон, тоосондоо дарагдчихсан байдалтай байна. Уг нь бид энэ компанийнханд урьдчилж мэдэгдсэн, холбогдох албаны хүн нь байна гэсэн боловч ачир дээрээ байсангүй. 
- "Ворлд плас дижитал" компанийн зүгээс өнөө өглөө онлайнаар ажиллана гэж мэдэгдсэн байна. Гэтэл “Ворлд плас дижитал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Хасаг овогтой Эрдэнэбаяр нь одоогоор Монгол Улсад байхгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч холбоогүй байна. 


Хохирогчийн төлөөлөл:

- Ворлд плас койны эзэмшигчдийн групп 1400 гаруй иргэн байдаг. Анх энэ компанийн захирал Х.Эрдэнэбаяр мэдээлэл хийж, гаргасан койноо буцаагаад худалдаж авна мэдэгдсэн. Энэ мэдэгдэлд нь маш олон хүн итгэж, койныг нь худалдаж авсан. Ингээд өнгөрсөн 2 дугаар сард буцааж худалдаж авах байсан ч хойшлуулсан. 3, 6, 7 дугаар сард гэж хойшлуулсаар өдийг хүрчихлээ. Хамгийн зэвүүн нь, энэ компанийн зүгээс Бид маргааш худалдаж авахаар боллоо, бүх зарах койныхоо хэмжээг гаргаарай” гэж мэдэгддэг ч маргааш нь ямар нэг тайлбар хийдэг. Сүүлдээ захирал нь Х.Эрдэнэбаяр Монголд байгаа үгүй нь мэдэгдэхээ больчихлоо. Миний хувьд буцаад худалдаж авах дүнгээр 160 сая койн худалдаж авсан. 


Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” ТББ-ын гишүүн Г.Ирээдүй:

- IСС койн 2021 оны 11 дүгээр сард 20,4 тэрбум татан төвлөрүүлсэн. Зах зээл уналттай байгаа энэ үед дээрх мөнгөнүүдийг бүгдийг нь буцааж шилжүүлсэн. Миний хувьд Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” холбооны үүсгэн байгуулагчдын нэг. Бид виртуал хөрөнгө эзэмшиж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна. "Ворлд плас дижитал" компанийн үйл ажиллагаатай танилцсан. Блокчейн дээр байгаа нийт гүйлгээ нь нэлээн их алдаатай, сэжигтэй байна. Холбооны зүгээс энэ компанид асуулга тавьсан. 48 цагийн хугацаанд хариугаа өгөхийн шаардаж байна. Хэрэв хариу өгөхгүй бол хууль хүчний байгууллагад хандана.