ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн зүгээс нийгмийн сүлжээнд “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм.

Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” гэж бичсэн нь нийгмийн анхаарлыг татлаа. Ингэж бичүүлсэн хэд нь ихэд уурслаа. Үнэндээ хошин урлагийнхан гэгдэх нөхдүүд бодитой тийм шүү. Өмнө нь “Өдрийн сонин” энэ талаар бичиж байлаа. Сонины хуудаснаа “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичигдсэнээр нийгэмд цочроо өгсөн. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Манай архиваас энэ сэдвээр бичигдсэн цөөнгүй нийтлэлийг уншиж болно. Цаг үе нь хошин үзэгдэлд автамхай хэвээр байсан юм. Цаг үеэсээ түрүүлсэн нийтлэлүүд. Сая П.Сайнзориг “Монголчуудыг гарал үүсэл, үзэл бодол, үг хэллэг, арьс өнгөөр нь хүртэл ялгаварлан гадуурхан доромжилж ирсэн хошин шогийнхны энэ үйлдэл нийгэмд байдаг, энгийн, хэвийн зүйл мэт ойлголтыг олон нийт, хүүхэд залууст цаашид өгч болохгүй” гэсэн нь маргаангүй үнэн. Ингэтлээ хүчээ авсан соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ хэмээн хүлээн авч байна.

Агуулгадаа бус хэлбэртээ анхаарч хийрхсэн Монголын хошин шогийнхны энэ үйлдэл хэт газар авч, бүр төрийн толгой руу авирсан юм. Улстөрчдийн, улс төрийн намуудын гар хөлийн үзүүр болж, тэдний захиалгаар нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлд хувь нэмрээ оруулцгаах болсныг тэдгээрийн олон үйлдлээс бид харж байна. П.Сайнзоригийн үгийг эсэргүүцэн үсэрч гарч ирсэн нэр бүхий хошин шогч нөхдүүд гэхэд Монголын төрийн тэргүүний соёлын зөвлөх, дөрөв дэх засаглал болсон Олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгслийн Удирдах зөвлөлийн гишүүн, төрийн бүтцэд байдаг Соёл урлагийн байгууллагын дарга байх жишээтэй. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэж энэ.

Тэдний хошин урлаг нэрээр хийдэг доромжлолын бодит кейсүүдийг тоймлоё. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг хамгийн их зөрчиж ирсэн хүмүүс. Үндсэн хуульд ...нийгмийн гарал, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадруухаж үл болно... гэсэн тодорхой заалттай. Гэвч тэд хошин үзэгдэл бүртээ монголчуудыг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, хагалган бутаргах үйлдэл үзүүлсэн. Жишээ нь, буриад зоныг мөнхөд хутга түрийлсэн, хэзээд ч хүн хөнөөхөд бэлэн хүний дүрээр тоглолт, кино, баярын контентууддаа харлуулж ирэв. Казахуудыг хэлтгий хэлтэй, завхай зайдан дүрээр гаргадаг. Мөн малчдыг,уурхайнуудад алт гар аргаар олборлогч нинжа гэгдэх хүмүүсийг, гадаадад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ... тэр чигээр нь нийгмийн доод давхарга, бүр нийгмийн илүүдэл хэсгийнхэн гэж шууд ойлгогдохоор хошин шог үзэгдэлдээ байнга үзүүлж ирсэн нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдгийг нийгэм судлаачид хэлэх цаг болсон.

Тэдний мөнхийн “бай”, гутаах талбар нь шашныхан, ардчилсан нийгмийн үндэс суурь болсон олон ургальч үзлийн эзэд байсаар байна. Тэднийг цаг үргэлж үзэл бодол, үйл хэрэг, гаднах дүр төрхөөр нь элэглэн гутааж ирэв. Хошин шогийнхон монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх хэмжээнд нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Үзэл суртлыг хийх өндөр хэмжээнд тэд хүрлээ. Тэдгээр хошин шогчдын захын нэг төлөөлөгч бүсгүй дор хаяж 100 мянган дагагчтай байх жишээний. Монголчуудыг дооёолон, бусдаар бах тав хангаж бий болгосон контентуудынхаа хүчээр ядарсан ард түмэнд маш хүчтэй нөлөөлөгчид болж чадсан байна. Одоо бүр аймшигтай үйлдлийг нь хэлье. Ийм хэмжээний дагагчтай болсон тэднийг улс төрийн намууд, улстөрчид, бүлэглэлүүд ашиглах боллоо. Тэдний маазралаар дамжуулан нийгмийг яаж л бол яаж угааж чадаж байна. Тэднийг өчүүхэн мөнгө, одон тэмдгээр хуурч, хэрд нь таарсан албан тушаалд суулгаж байгаад тэднээр дамжуулан Монголыг захирах гэж оролдож байна. Энэ бүх ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлээ хошин шогийнхон хэвийн зүйл гэж ойлгочихсон нь дээд гутамшиг.

Өнгө мөнгөний хорвоо гэдэг нь Монголд ганцхан тэдний орчинд байна. Тэд өнөөдөр эрх баригчдын төлөө бүгдийг уландаа гишгэн зүтгэж байна. Харин маргааш огт өөр нэгний төлөө нүүрээ ширлэхэд бэлэн. Ирэх сонгуулиар унах нь тодорхой У.Хүрэлсүхийг гишгэчээд зогсож байх нь тодорхой. Ялах нь тодорхой улс төрийн намыг тэдэн шиг сайн мэддэг хүмүүс үгүй болжээ. Тийм болохоор ялж байгаа улстөрч бүрийн өлмийд очиж сөгддөг, хүчээ өгдөг. Тэд ердийн нэг пиарын гар хөл биш хэн нэгнийг гутаасан үйлдэл хийдэг. Үүнийгээ бид ажлаа хийж байна гэсэн ойлголттой. Одоо болсон доо, хошин шогчид оо! Ийм болсныг чинь хууль эрх зүйн гал тогоог гардан хариуцаж байгаа залуу хүн мэдээд, мэдрээд, тэвчилгүй нийгэмд хэллээ. Түүнийх нь төлөө юундаа үхчих гээд байгаа юм.

Улс орон бүрт хошин урлаг, комедиа байдаг. Тэд бүгдээр нийгмээ инээдээр ойлгуулах, инээдээр ухааруулах, элэглэж буруу ёсыг хазаарлах агуулгатай, хэлбэр багатай байдаг. Тэд хэзээ ч эр нь эм болж, хөгшин нь залуу болж жүжиглэдэггүй. Тэд хэзээ ч хууль сахиулагчдыг хүүхэлдэй төдийхнөөр илэрхийлдэггүй. Гадна ертөнцөд хошин урлагийнхны хамгийн том хүндэтгэл нь үзэгчид, тэднийг хүлээн авч байгаа нийгэм нь билээ. Тэд үзэгчгүйгээр хэн ч биш гэдгээ маш сайн ойлгодог. Соёлт нийгэмд бол үзэгчид нь тэдний фенүүд байдаг ч юм биш. Харин хошин урлагийг дэмжигсэд байдаг. Энэ соёл Монголын нийгэмд өнөөдөр тодорхой хэмжээнд сууж эхэлсний нэгэн тод жишээ саяны шүүмжлэл. Монголчууд тэр аяараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн үзэл бодлыг дэмжиж байгааг харав уу. Ийм өндөр түвшний үзэгчидтэй болж эхэлснээ одоо хошин шогчид ойлгох цаг болжээ. Хошин урлагийн хамгийн их мэдрэмжтэй гэгдэх улс орон бол Англи. Дэлхийд алдартай хошин урлагтай, жүжигчидтэй. Тэдгээр жүжигчдээс хэн нь ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж байгаагүй. Хаа газрын улс төрд сайн муу бүхэн бий. Тийм болохоор Англид ч урлагийн оддыг ашиглахыг оролдоно. Хэн нэг жүжигчин, аль нэг улстөрчийн сурталчилгаанд явбал тэр улстөрчийг дэмждэггүй хэдэн зуун үзэгчээ өөрөөсөө алдана гэдгээ мэдэж байдаг. Улс орон бүрийн урлагийнхны хандлага тийм билээ. Үүнийг л манай хошин урлагийн гэх нөхөд огтоос ойлгохгүй яваа. ХЗДХЯ-ны үүдэнд жагссан нэр бүхий жүжигчид та бүхэн улстөрчид дагасныхаа шанд, улс төрийн намын тоглоом болсныхоо шанд хэдэн мянган үзэгчээ алдсанаа одоо ойлго, эргэж замналаа харцгаа. Эцэст нь хэлэхэд, ийм ёс зүйгүй хэсэг бүлэг хүмүүсийг нийгэмд бий болгож, тэжээн тэтгэж, мөнгө өгч өөрсдийгөө доромжлуулан олон жил явсан алдаагаа ард түмэн бас ухаар.