Түгжрэлийн асуудлаар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийн талаар асуултад хариулсан юм.

Ж.Сүхбаатар хэлэхдээ “Монгол Улсын түгжрэлийн эсрэг цаашдын бодлогын менежмент бол одоогийн нөхцөл байдлаа үнэлэхээс эхэлнэ.

Тодруулбал, Улаанбаатар хотын нийт авто замын урт 1,300 километр хүрэхгүй бөгөөд 700,000 орчим автомашин бүртгэлтэй байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хотын нийт өрхийн 55 хувь нь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцож байна. Өдөр бүр давхардсан тоогоор 420,000 автомашин хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Тиймээс дээрх асуудалд бид нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй бөгөөд нийтийн тээврийг шинэчлэлт чухал гэдгийг хөндөж байгаа.

Мөн өнөөдөр зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй байдал хэт хавтгайрсан нь түгжрэлд нөлөөлж байна.

Саяхан бараг 0 зогссон нөхцөл үүсэхэд зарим нь 5-6 цаг түгжирсэн гэж байна. Миний хувьд ямартай ч гурван цаг түгжирч мэдэрсэн. Хэрэв түгжрэлийг түргэн хурдан шийдэх зохицуулалт байсан бол надаас өмнө хийх боломжтой байсан. Харин цаашдаа сонголттой тээврийн хэрэгсэл байх уу, үгүй юу гэдэг асуудал тулгараад байна.

Өнгөрсөн хугацаанд бид дугаарын хязгаарлалт хийж ирсэн. Энэ бол богино хугацаанд яг зам дээр байгаа машины тоо хэт олон болчхоод байгааг цөөлөх арга хэмжээ. Тэгэхээр богино хугацаанд дугаарын хязгаарлалтыг арай сайжруулсан хувилбараар хийх боломжууд бий.

Хоёрдугаарт замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргаж байгаа эсвэл даатгалд хамрагдаагүй, үзлэг оношилгоонд ороогүй автомашинуудыг зогсоох боломжууд ч байгаа. Харамсалтай нь зөрчил гаргасан автомашины араас торгуулийг нь төлүүлдэг механизм манайд өнөөдөр байхгүй байна.

Харин одоо зам дээр явж байгаа автомашинуудыг камераар бичиж торгоод байгаа боловч уулзвар болгон дээр бид хянаж, бүртгэж зогсоох боломжгүй байсан асуудал шийдэгдэх нөхцөл бүрдсэн.

Хотын дарга сүүлийн хоёр жил ажилласны үр дүнд автомашинуудад уншигч суулгахаар хэрэгжих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний танхайралтай захиргааны албадалт хэрэглэж тэмцэх нөхцөл үүсэж байгаа" гэв.

Мөн тэрбээр “Одоогоор Улаанбаатарын 161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилагдсан бөгөөд Хотын зүгээс зохион байгуулсан хөрөнгийн асуудал шийдэгдсэн. Одоо харин автомашинуудад уншигчийг бүрэн суулгасны дараа систем ажиллана. Миний тооцож байгаагаар ирэх оны эхэнд эдгээрийг зүгшрүүлэх ажлууд явагдана. Ингэснээр түгжрэлийн тал дээр 20 гаруй хувиар буурах боломж бий” гэдгийг нэмж хэллээ.

Түүнчлэн 2022 онд торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байв. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар жолооны эрхээ хасуулсан 11 мянган хүн жолоодож явж байгаад баригдсан гэдгийг онцоллоо.