Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар болж буй УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан Төрийн албаны тухай хууль зөрчин томилгоо хийсэн нь АТГ-ын албан бичгээс ил болов.

Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан А.Ариунболдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Энэхүү томилгоог хийхээр Аюушийн Ариунболдыг нэр дэвшүүлэх үед Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичигтээ Авлигатай Тэмцэх газар "Нэр дэвшигч А.Ариунболд нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхээр байна” хэмээн дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигчийг томилох нь Төрийн албаны тухай хуулийг зөрчихөөр байгааг ийнхүү тайлбартаа дурджээ.

Төрийн албаны тухай хуулийн 43-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын талаар 6 заалтаар дэлгэрэнгүй заасан байдаг. Тэр дотроо 43.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • 43.3.1.байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;
  • 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх;
  • 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх хэмээн хуульчилжээ.
  • Мөн 43.6.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, НДЕГ-ын дэд дарга, орлогч дарга тухайн үүргийг түр гүйцэтгэх боломжтой ба тийм хүнгүй бол хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх хуультай.

НДЕГ-ын өмнөх дарга Д.Зоригт нь албан өрөөндөө мөрийтэй тоглосон гэх асуудлаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд 2022 оны есдүгээр сарын 19-нд НДЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байв.

А.Ариунболдын тухайд хуульч мэргэжилтэй юм байна. Тэрбээр

  • 2012-2015 он дуустал ШӨХТГ-ын орон тооны гишүүн, дэд дарга
  • 2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга
  • 2022 оны дөрөвдүгээр сараас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирлаар зургаан сар ажиллажээ.

Мөн ТӨБЗГ-ын дэд даргаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн, 3.2 дахь заалтыг үндэслэн буюу сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон асуудалд орж байсан нэгэн аж.

Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дэд даргаар ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцож ирсэн Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүн болж, ХНХ-ын сайд болмогцоо хуулиа зөрчиж, ийнхүү томилгоо хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.