УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр /2022.12.05/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын түүхэнд иргэд залуучууд талбайд гараад ирлээ. Ихэнх нь үнэн сэтгэлээсээ ч, хажуугаар нь зохион байгуулалттай гарч ирж буй үйлдлүүд байна. Жагсаалыг саармагжуулах ажиллагаа явагдаж байна. Тиймээс УИХ-д суудалтай эвслийн зүгээс АН-тай нэгдэж нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэлээ. Бидэнд бүрэн эрх нь бий. О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа, Б.Бейсен, Н.Ганибал тэргүүтэй есөн гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

Нүүрсний асуудал бол нам дамжсан хулгай. Нам дамжсан хулгайг, нам үл харгалзан нэгдэж байгаад шаардана. УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол хийлгэе. Ямар дүнтэй хулгай вэ, цаад эзэд нь хэн бэ гэхчлэн маш тодорхой асуудлуудыг тусгасан шаардлага юм.

Гадаах иргэдийн жагсаал үр дүнтэй байх ёстой. Жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид өөрсдөө өөр зүйл рүү чиглүүлэх ажиллагаа явуулж байна.

Оффтейк гэрээг арваннэгдүгээр сард багтааж зарлана гэдгээ Эдийн засгийн, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зарласан. Гэвч одоо ч таг чиг. Засгийн газар нь дийлэхгүй юм байна. Иймд цаашаа ҮАБЗ рүү дамжуулах ёстой юм байна. Гэрээг нээлттэй болгох үүднээс Засгийн газарт дэмжлэг үзүүл.

Хулгайн нийт дүн 40-45 их наяд мөн шүү. Үүн дунд бид 40 гаруй тэрбумаа оруулж ирэх боломжоо алдсан" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Түр хорооны гишүүд цаасан мэдээлэлтэй хэр сайн танилцсан бэ. 40 их наяд төгрөг алдсан гэх тооцоолол хаанаас гаргаж ирсэн бэ, та самбар дээр энэ тоог гаргаж ирж бодож чадах уу. Нийгэм маш их бухимдалд автчихлаа?

-Нийт нүүрсний экспорт зарим үед 250 сая ам.долларт хүрдэг. Үүнээс 120 ам.доллар тооцож авах ёстой ч бид 60 ам.долдароор тооцсоор ирсэн. Мөн АМНАТ-ын төлбөрөөс 750 сая ам.доллар алдсан байна. Нүүрсний салбараас оруулж ирдэг мөнгө 1 их наяд төгрөг. Гэтэл энэ орлого сүүлийн арван жилийн хугацаанд байхгүй болчихсон.

Оффтейк гэрээнээсээ эхлүүлье. Үүнээс маш том пирамид толгойноос эхэлж нурж эхэлнэ.

-Түр хорооны хугацаа хэдхэн хоногийн дараа дуусна. Энэ хугацааг цааш нь сунгах уу?

-Сунгах магадлалтай. Ажил амжихгүй байна. Цаасан материалууд парламентын танхим дүүрэхээр байна. МАН-ынхан АН-ыг, АН-ынхан МАН-ыг онилоод явчих вий гэсэн болгоомжлол байна. Нам харгалзахгүй тэмцэе. Тоон мэдээллүүд удахгүй ил болох байх. Хүлээж чадахгүй. Түрүүлж нээлттэй сонсгол хийе.