Монгол Улсад ураны орд хайх, олборлохыг эсэргүүцэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн, Чингис хааны талбайд тайван жагсаал зохион байгууллаа.

            

Энэхүү тайван жагсаалыг “Босоо хөх Монгол”, “Гринпис Монгол” төрийн бус байгууллагууд санаачилсан юм. Өнөөдөр болсон жагсаалд “Гал үндэстэн” холбоо, Хохирогчдын нэгдсэн холбоо, “Халуун цуст Монгол”, “Монголын дуу хоолой” тэргүүтэн зэрэг 16 ТББ-ын төлөөлөгчид оролцлоо.

Жагсаалыг зохион байгуулагчид "Арева Монгол" ХХК ураныг хоргүй мэтээр сурталчилж, ард иргэдийн тархийг угааж байна. Цөмийн энергийн хор хөнөөлийн талаарх бодит мэдээллийг мушгин гуйвуулж, буруугаа бусдад нялзаах гэсэн үйлдэл гаргах боллоо. Гэвч бодит байдал дээр буюу Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад “Арева” ХХК-ийн уурхайн ойролцоо амьдардаг малчдын мал олноор өвчилж, үхэж, ургийн гажигтай төл төрөх болсон. Энэ үзэгдлийн учир шалтгааныг судлахад “Арева” ХХК оролцдоггүй. Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн нийтийн хурлаар ураны хайгуул, олборлолтыг хориглох шийдвэр гаргасан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын төвшинд “Ураны хайгуул, олборлолтыг гацаанаас гаргана” гэж мэдээлж байна. Монгол хүн Монгол нутагтаа эрүүл саруул, айх аюулгүй амьдарч болохгүй гэж үү? Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ хамгаалахын тулд, ирээдүйн хойчдоо газар нутгаа үлдээхийн тулд ТББ-ууд хамтарч байна. Бид цаашид уран олборлох ямарваа нэгэн үйлдлийг таслан зогсоох болно" гэдгээ мэдэгдлээ.

Манай улсад одоогийн байдлаар цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 14 компани байгааг Цөмийн энергийн газраас мэдээлжээ. Эдгээр 14 компани 70 цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуваан эзэмшдэг юм байна. Үүнд нь,

  • “Кожеговь” ХХК. Францын “Арева” групп. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай. 25 лицензтэй
  • “Эм Юу Си Ресорсез” ХХК. 100 хувь Нидерланд улсын хөрөнгө оруулалттай. 19 лицензтэй.
  • “Гравимаг” ХХК. 100 хувь Нидерланд улсын хөрөнгө оруулалттай. 1 лицензтэй.
  •  “Зараяа Холдинг” ХХК. 100 хувь Их Британийн улсын хөрөнгө оруулалттай. 2 лицензтэй.
  • “Эмээлт Майнз” ХХК. 100 хувь Хятад улсын хөрөнгө оруулалттай. 2 лицензтэй

 

  • “Гурвансайхан” ХХК. АНУ 70%, ОХУ 15%, Монгол 15% эзэмшдэг. 4 лицензтэй
  • “И Эй Эм эксполорэйшн” ХХК. 100 хувь Канад улсын хөрөнгө оруулалттай. 7 лицензтэй.
  • “Гимр” ХХК. 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттай. 1 лицензтэй.
  • “ТМОБ” ХХК. 100 хувь Хонгконг улсын хөрөнгө оруулалттай. 1 лицензтэй.
  • “Дархан ширхэг” ХХК. 100 хувь Монгол улсын хөрөнгө оруулалттай. 1 лицензтэй.
  • “Адамас майнинг” ХХК. 1 лицензтэй.
  • “Монгол Ураниум Ресурс” ХХК. 100 хувь Монгол улсын хөрөнгө оруулалттай. 3 лицензтэй.
  • “Шинь Шинь” ХХК. 100 хувь Хятад улсын хөрөнгө оруулалттай. 1 лицензтэй.
  • “Нуклер Энержи Монголия” ХХК. 2 лицензтэй.