2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон. Ингэхдээ өрхийн хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэх бөгөөд өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохгүй юм. 

Гэвч иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан юм. Тэдгээр иргэд өнөөдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулах шаардлагатай. Энэ талаар ХХҮЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас тодрууллаа. 

-Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан, мэдээлэл нь зөрүүтэй байгаа иргэд өнөөдрийн 17.00 цагаас өмнө мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай талаар ХНХЯ-наас мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн иргэн мэдээлэл шинэчлүүлэх хүсэлт гаргасан бэ?

-Давхардсан тоогоор нийт 140 мянга орчим иргэн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан. 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгох шийдвэрийг УИХ гаргасан. Тиймээс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нийт хүүхдийн есөн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй боломжгүй. 

-Мэдээлэл нь зөрүүтэй иргэд мэдээлэл шинэчлүүлэх хүсэлтээ гаргаж, зөрүүгээ арилгаж байгаа юм байна. Харин мэдээлэл нь зөв ч хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан олон өрх бий. Жилийн орлого нь 40-50 саяд хүрэхгүй ч хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан өрхийн тухайд хэрхэх вэ? 

-Манай байгууллага төрийн шийдвэрийг хэрэгжүүлэгч агентлаг. Тиймээс яагаад хасагдсан болон ямар учраас нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа талаар мэдээлэх боломжгүй. Миний ойлгож байгаагаар, монгол улсын нийт өрхийг амьжиргаагаар нь жагсааж, босго шугам тогтоогоод, эхний есөн хувьд хүүхдийн мөнгө олгохгүй байгаа. Ингэхдээ таван байгууллагын аргачлалд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээлэлд үндэслэж өрхийн амьжиргааг тодорхойлсон гэсэн үг. Тэгэхээр мэдээлэл нь зөв ч хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол нийт өрхийн 9 хувь хамаарсан гэсэн үг. 

-Байртай, машинтай гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хаслаа гэх асуудал яригдаад байгаа. Тэгэхээр байр, машинтай өрх бүхэн 9 хувьд багтах юм шиг харагдаад байна л даа?

-Өрхийн амьжиргааг цалин, цалингийн бус орлого, хөрөнгө, байр орон сууц, автомашин, малын тоо, өрхийн гишүүдийн тоо зэрэг маш олон үзүүлэлтээс хамаардаг. Машины тухайд насжилт, эдэлгээ зэргийг нь ч тооцно. Мөн хүүхдийн тоо ч тодорхой нөлөө үзүүлнэ.

-Мэдээлэл шинэчлүүлэх хугацаанд өөрт байгаа хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд ямар аргачлалаар тооцоолох вэ?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахын тулд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлэхийг үгүйсгэхгүй. Яахав, энэ тохиолдолд амьжиргаа тооцоолох оноо буурах боломжтой. Гэхдээ иргэд эрсдлээ тооцоолох нь зүй. Өөрийн хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлснээр эрдэл үүснэ.