Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцэж түүнд оноосон дөрвөн жил, дөрвөн сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бусад шүүгдэгч нарт оноосон ялыг мөн өөрчлөөгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон тухай мэдээлж байв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн

Харин “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.