Толгойтоос Амгалан чиглэлд “Railbus” үйлчилгээнд явж эхэллээ. Энэ унаа 200 хүртэл зорчигчтойгоор талдаа 45 минут зорчоод зорьсон газартаа очих юм.

Нийтийн тээврийн ийм үйлчилгээ гарснаар замын түгжрэл 30 хувь багасч, иргэд зорьсон газраа товлосон цагтаа очно гээд сайхан мэдээ дуулдаж байна. Одоо хотын төвөөр давхих “Railbus”-ийг Налайх руу явуулдаг болъё. Налайхаас нийслэлд ажилтай хүн олон. Тэд өглөө, оройд Налайхын нарийн зам дээр түгжирдэг. Боломж гарвал нэгийгээ гүйцэж түрүүлэх гэж байгаад зам тээврийн осол гаргана. Долоо хоног бүр Налайхын энхэл, донхолтой, нарийхан, “алуурчин” зам нэг хүний аминд хүрдэг гэдгийг Замын цагдаагийнхан мэдээлсэн. “Railbus” Налайх чиглэлд явдаг болчихвол бэрх замаар цуврагсад цөөрнө.

Тэр хэрээр олон хүний амь аварна. Энэ утгаараа “Railbus” буянтай үйлчилгээ болох юм. Нөгөө талаар хот баруун, зүүн тийшээ тэлж байгаа. Шинэ суурьшлын бүсээ одооноос хурдан унаатай болгочихвол аштай юу. Хэдэн жилийн өмнө Налайхынхан галт тэргээр ажилдаа явдаг байлаа. Харин одоо “Railbus”-аар давхидаг болъё. Б.ЦЭЦЭГДЭЛГЭР