Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн, хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй байгаа юм.

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ.

Мөн ГССҮТ-өөс тодруулахад “ХЭМҮТ-ийн эмч нартай хамтраад нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээнүүдийг хийлээ. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл ихтэй гэсэн онош нэмж тодорч байна. Ер нь, хүүхдийн хувь заяа хэрхэхийг хэлэхэд бэрх,  биеийн байдал нь маш хүнд, амьсгал зүрх судасны дэмжлэгтэй байна” гэсэн.

Хуулийн байгууллагаас хүүг зодсон Э-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахаар боллоо. Тухайн этгээдийг хүчиндэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Хүүгийн төрсөн аав “Би уурхайд ажилладаг. Энэ талаар хадам ээжээс сонсоод шууд ирлээ. Хүүг минь зодсоныг ээж нь хоёр хоног нуусан нь үнэн. Ах нь зургаан настай. Өмнө нь хоёр хүүхдийг маань зоддог байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүгийн минь бие муу байгаа учраас нарийн, ширийн зүйлийн талаар одоо яриад яах вэ. Хүү маань ухаан ороогүй, аппараттай байна. Хамгийн гол хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна. Ах нь над дээр байгаа. Ээж нь тэр хүнтэй хамт хоригдчихсон байгаа” гэлээ.