Хэвлэлийнхний байнга бичдэг, ярьдаг сэдэв гэж бий. Намрын сүүл, өвлийн эхэн сард агаарын бохирдол, утаа, хаврын улиралд шар усны үер, хөрсний бохирдол, зун нь үерийн усанд автсан хот, “тэг” түгжрэлийн талаар бараг л бүх хэвлэл нийтлэл, бүтээлдээ тусгадаг. Бид ч энэ удаа нөгөө “улиг” болсон хөрсний бохирдлын сэдвийг хөндөж байна. Ингэхдээ өнөөдөр тохиож буй Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ундны усны аюулгүй байдал ба хөрсний бохирдол хоёрын холбоо хамаарлыг гаргаж ирэхийг зорилоо. НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторид 2020-2023 онд хийсэн ундны усны шинжилгээний үр дүнг “Монгол орны ундны усны чанарын судалгаа-Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцууллаа. Тус судалгаагаар гэр хорооллын нөөцийн савны ус, хувьдаа гүний худаг гаргасан айлуудын усанд шинжилгээ хийхэд стандартаас давсан үзүүлэлт буюу нянгийн тоо ихтэй, тэр дундаа гэдэсний бүлгийн бактери буюу колиформ илэрсэн байна. Үүний шалтгаан нь нүхэн жорлонгийн улмаас бохирдсон хөрс юм.

 

Энэ талаар НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн микробиологич Б.Мөнхжин  “Судалгаагаар ундны усанд эмгэг төрөгч бактери илэрсэн нь өтгөн ялгадсаар бохирдсон байх магадлалтай гэж олон улсад үздэг. Энэ жишээг  манай улсын хөрсөн дээр буулгавал гэр хорооллын худгууд нүхэн жорлонтойгоо ойрхон байдаг. Хавар болж улирлын чанартайгаар хөрс гэсэхээр тэнд байгаа микробион өөрчлөгдөж нянгийн тоо ихэснэ. Тэр нь доошоо гүний усандаа нөлөөлдөг” гэсэн юм.

 

Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол ихтэй, хүнд металийн бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарсан талаар БОАЖЯ-аас мэдээлсэн. Тиймээс энэ удаа хөрсний нянгийн бохирдлын асуудлыг онцоллоо.

 

Зах орчмын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-50 дахин их

 

Хөрсний органик бус бохирдлын эх үүсвэрт нь хүнд металл, хатуу хог хаягдал, цацраг идэвхит бодис хамаардаг. Бохирдол үүсгэх нөхцөл нь арьс шир боловсруулах үйл ажиллагааны явц, дулааны цахилгаан станцаас хаягдах үнс, авто засвар үйлчилгээний үйл ажиллагаа зэргээс бүрддэг юм. Нянгийн бохирдол нь гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд их байдаг. Хөрсний нянгийн бохирдлын үзүүлэлтийг дүүргээр гаргавал “7 буудал” орчим хамгийн их бохирдолтой байна. Хөрс судлаач, доктор П.Оюунбатын өнгөрсөн онд хийсэн “Улаанбаатар хотын хөрсний бохирдол, бууруулах арга зам” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлд “Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдолтын тархалтын гүн дунджаар 6.3 метр байна. Гүний усны түвшин газрын гадаргад ойр байрлах газруудын хөрсөн дэх нянгийн бохирдол газрын доорх усны чанарт (47 метр гүний худагт Е.Coli илэрсэн) нөлөөлж байна. Гэр хорооллын бүс дэх хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна” гэж бичжээ.

 

Гэхдээ үүнээс нэг зүйлийг анхаарах шаардлагатай. 88 хувь гэдэг нь зарим хэвлэлийн мэдээлж байгаа шиг Улаанбаатарын нийт хөрсний бохирдлын түвшинд биш. Харин судлаачийн сонгон авсан цэгүүдийн хэмжээнд ярьж буйг ойлгох нь чухал юм.Тодруулбал, нийт дээж авсан цэгүүдийн 12 хувь нь бохирдолгүй, 46 хувь нь бага, 17 хувь нь дунд, 24 хувь нь их бохирдолттой байна.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар 2022 онд ХААИС-ийн Байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтийн профессорын багийн хийсэн “Улаанбаатар хотын хөрс, ус хог хаягдлын бохирдлыг зураглах судалгааны ажлын тайлан”-гаас үзэхэд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн судалгаанд хамрагдсан талбайн хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодисын хэмжээг Монгол улсын хөрсний бохирдлын стандарттай харьцуулахад Сонгинохайрхан дүүргийн төв замын дагуу зөвшөөрөгдөх дээж хэмжээнээс 2-2.5 дахин их, хүнцэл машин засварын газрууд, хаягдал хүлээн авах цэгүүдийн орчим зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5-7 дахин их гарчээ. Мөн зэс засварын газрууд, хогийн цэг, үйлдвэрийн бүс, захуудын орчим зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-50 дахин, хортой түвшнээс захуудын орчим тав дахин, аюултай түвшнээс 2.5 дахин их, хар тугалганы агууламж 5-40 дахин илүү агуулгатай гэж гарчээ. Хөрсний бохирдлыг үнэлдэг олон улсын индексийн CF ба DC аргаар үнэлэхэд судалгаанд хамрагдсан 326 мянган га талбайн хөрс бүхэлдээ дунд зэргээс маш их бохирдолттой байна.

 

Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх нь чухал

 

Манай улс 1990-ээд оноос хойш хотын хөрсний бохирдлын судалгааны ажлуудыг хийж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаагаар хөрсөнд хар тугалга, цайр, кадми хуримтлал үүссэн байгааг тэртээ 1995 онд анх тогтоосон байдаг. Дээрх ХААИС-ийн профессорын багийн хамгийн сүүлийн судалгаа нь бохирдлын эх үүсвэрийг тодорхойлсноороо өмнөх судалгаануудаас онцлог болжээ. Улаанбаатар хотын хөрс бохирдуулагч голлох эх үүсвэрүүд нь  гэр хорооллын нүхэн жорлон, бүх төрлийн зах худалдааны төвүүд, авто засвар, тос тосолгооны газрууд, арьс шир боловсруулах болон бусад үйлдвэрүүд, шатахуун түгээх станц, цэвэрлэх байгууламжууд байдаг. Үүн дээр автомашин, ашиглалтаас гарсан автомашин түүний эд анги нэмэлт, тоног төхөөрөмж, аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, ялгах, дахин боловсруулах туршлага байхгүй, аюултай хог хаягдлын менежмент тааруу байгаагаас хараа хяналтгүйгээр ил задгай хаягдаж орчныг бохирдуулагч эх үүсвэр болж байна. Автомашинаас гарах аюултай хог хаягдал болох аккумлятор, батарей их хэмжээгээр хаягдаж байгаа ч боловсруулах үйлдвэр улсын хэмжээнд нэг л байгаа нь хангалтгүй. Иймд аюултай хог хаягдал хүлээн авах цэг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй стандарт шаардлагад нийцсэн арга технологи бүхий дахин боловсруулах үйлдвэрүүдийг шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж судлаачдын баг үзжээ.

 

Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдэд хөрсний бохирдлын фактор нь Морин давааны хог хаягдлын захын цэгээс бусад талбайд бохирдол өндөр байна.Бүх төрлийн зах худалдааны төвүүд болон дахивар нөөцийн цэгүүдийг шинэ газар нүүлгэн шилжүүлэхээс илүү одоогийн байршил дээр нь орчны стандартыг сайжруулж, тохижуулах, үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чухал байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд хэд хэдэн газар хөрсний хяналтын байнгын цэгүүдтэй. Үүнд, Ус цаг уур орчны шинжилгээний газарт хөрсөнд хар тугалга, цайр, кадми хуримтлал үүссэн байгааг 102 хяналтын цэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нянгийн 72 хяналтын цэг, Газрын харилцаа, Геодези зураг зүйн газар 300 хяналтын цэг бий. Энэ онд Нийслэлийн Байгаль орчны газар 500 хяналтын цэг бий болгохоор төлөвлөжээ. Ийн олон жил ярьсан хөрсний бохирдлыг бууруулах шинэлэг технологи, арга туршлага болох био задлагч уламжлалт арга технологи (ex-situ), in-situ, phytoremediation, тогтворжуулах, цахилгаажуулах арга технологийн талаар бид дараагийн нийтлэлдээ бичих болно.

 

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин