Цахим орчинд "Хүүг маань 108 төвд цагдаа зодсон байна" гэх мэдээлэл тархаад буй. Тухайн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: 

Цагдаагийн байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан. 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. 

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа 2023 оны 3 дугаар сарын 28-ны хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн.

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд 2 хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч шалгаж байна.

Хүү 108 төвд 2 хоноогүй бөгөөд хүүг хүлээлгэж өгөх үед ямар нэг гэмтэл шарх байгаагүй байна. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас шинжээч томилон шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.