ЭМД-ын Үндэсний зөвлөлд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, "Сонгдо" эмнэлгийн эмч Ш.Зоригоо нарын зургаан хүн нэр дэвшжээ

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. 

Нэр дэвшигчид: 

  • МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат 
  • Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг 
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч Т.Баясгалан
  • Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, "Сонгдо" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо 
  • Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа 
  • МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес академи"-ийн чиглүүлэгч багш Н.Одон нар багтжээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ЭМД-ын Үндэсний зөвлөл нь Сайдынхаа удирдлага дор ажиллах нь утгагүй. Би өөрөө Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлгийг дагасан бүлэглэлтэй үзэлцэж эхэлсэн.

Тэд нэг ам.долларын үнэ бүхий эмийг 100 ам.доллар болгож зардаг. Өөрөөр хэлбэл, 3,400 төгрөгийн үнэтэй эмийг 340,000 төгрөгөөр зардаг гэсэн үг.  Гэтэл тухайн эм нь үйлчилгээ муутай, мөн стандартын шаардлага хангадаггүй" гэдгийг онцоллоо. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тэднийг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудалд санал хурааж, бүгд дэмжигдлээ.