СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан “Жолоочийн бүртгэл мэдээллийн сан”, “Онолын цахим шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем” зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчлэн боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хангагдаж, жолоодох эрхийн онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын байгууллагад суралцаагүй иргэдэд жолоодох эрх, ангилал нэмэгдүүлэх боломжийг хязгаарласан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.470.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системын төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна.

Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.