Өсвөр насны охидтой цахимаар танилцан айлган сүрдүүлж, хүчирхийлэх цуврал гэмт хэрэг үйлдсэн этгээдийг барьжээ
2023/06/07
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуулийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цахим орчинд хүүхдийн бэлгийн эрх чөлөөнд халдах гэмт хэрэг удаа дараа гарч байна. Өсвөр насны охидтой фэйсбүүк хуудсаар танилцан, найз болоод богино хугацаанд мессэж бичих байдлаар итгэлийг нь олж үерхдэг. Үүний дараа нүцгэн зургийг авхуулж өөртөө авах, янз бүрийн гаж үйлдлүүд хийлгээд түүнийг нь өөртөө авч, айлган сүрдүүлэх, бэлгийн харьцаанд орж, хүчирхийлэх гэмт хэргүүд гарч байна.
Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь нэг бус, удаа дараагийн үйлдлээр олон охидын эрх, эрх чөлөөнд халдаж, хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд гарч байна.
9-12 настай охидыг дээрх байдлаар айлган сүрдүүлж, хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял оноосон.
Жишээлбэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Налайх дүүргийн орчимд өсвөр насны охидтой цахимаар танилцан айлган сүрдүүлж хүчирхийлэх цуврал гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг сүүлийн үйлдэл дээр нь Эрүүгийн цагдаагийнхан барьж, хохирогч охиныг хүчирхийлэхээс нь өмнө амжиж үйлдлийг таслан зогсоосон. Уг хэргийг шалгаж байгаа.
Хүчирхийлэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь охидын нүцгэн зураг, бичлэгийг ангийн болон олон нийтийн сүлжээнд тавина, ээж, аавд чинь үзүүлнэ, найз, нөхдөд чинь тараана хэмээн эрхшээлдээ оруулж, хүчиндэх гэмт хэрэг гарч байна. Бусад төрлийн зан үйлд уруу татах нь их.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг зөвлөе. Бага насны хүүхдүүд цахим хэрэглээнээс болж эрүүл мэнд, амь нас, эрх, эрх чөлөөгөөрөө хохирдог.
Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба энэ чиглэлээр ажилладаг ч хүчин мөхөстөж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байж болзошгүй хүмүүсийн талаарх мэдээллийг иргэд Эрүүгийн цагдаагийн албанд өгч болно. 24 цагаар авна" гэв.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт нийт гэмт хэргийн 35%-ийг эзэлж байгаа аж.
"Сэжигтэй гүйлгээ бүрийг шалгаж, цахим мөрийтэй тоглоомын агентлагуудын үйл ажиллагааг таслан зогсоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Монгол Улсад хориглосон аппликэйшн болон сайтуудын хандалтыг зогсоох чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
Гаднаас цахим казиногийн үйл ажиллагаа явуулдаг сайтад нэг агент сард долоон тэрбум төгрөг шилжүүлсэн байх тохиолдлууд байгааг таслан зогсооно. Цахим казиногийн талаарх мэдээллийг авна" хэмээн Хууль зүйн сайд хэллээ.
шаабар · 2023/06/08
Шалгаж байна л гээд байдаг. Шалгаад тогтоочихсон нэг ч хэрэг байдаггүй. Тэгсэн мөртлөө огт хэрэг хийгээгүй нөхдөд хүн алсан хэргээр шалгаж тогтоогоод бүх шатны шүүхээр ял өгч чадаад байдаг. Манай энэ хууль хяналтын байгууллага гэж ямар хөгийн болчихсон юм бэ. Шалгаад л байдаг шалгаад л байдаг. Эцэст нь хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг эсвэл гэмт хэргийн шинж илэрсэнгүй гээд цагаатгадаг. Ийм жишиг бүр улиг болж иргэд ч дасаж байна дөө.