Жил жилийн наадам иргэдээс нилээдгүй шүүмжлэл дагуулж ирсэн. Харин энэ жилийн үндэсний их баяр наадам иргэдийн дунд ам сайтай байж, хайрыг түгээсэн бичлэг олон шейрлэгдэж байгаа харагдсан.

Сүүлийн жилүүдэд үндэсний их баяр наадмыг шинэлэг, өвөрмөц зохион байгуулахад төрөөс анхаарч, найруулагчийг жил бүр солих болсон. Энэ нь иргэдэд хүлээлт үүсгэж, үзэх, дэмжих хүмүүсийн тоо олширч байгаа юм. Тэгвэл энэ жил залуучуудын дунд илүү санаачилгатай, оролцоотой, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн, шилдэг контент бүтээлүүдийг олны хүртээл болгож ирсэн залуу хүнийг сонгосон байна.

“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажилласан тэрбээр өөрийн сошиал хуудсандаа: “Залуусын энэ нэгдлийг ойлгож, дэмжиж, итгэсэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан танд баярлалаа.

Энэхүү алхмаараа маш олон залуучуудад урам зориг, итгэл өгсөн гэж бодож байна. Нийт 2200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нэг дээвэр дор нэгдэн, эвийн хүчээр эвлэлдэн нэгдэж энэ ажлын ард гарлаа.

Бид "Эв мөнхийн тусгаар Монгол" Үндэсний их баяр наадмыг хагас жилийн хугацаанд судалж хийж гүйцэтгэсэн билээ. Бидэнд итгэж, зөвлөж ажилласан бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн хэлсэн юм.