Хүчтэй үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн.

Хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурсан байна. Иймд авто машин зорчих боломжгүй болсон.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, АЗЗА ажиллан жижиг суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Үер татрахаар гүүрийг засварлах ажил эхлэх бөгөөд одоогийн байдлаар өнөөдөр түр зам тавихаар шуурхай ажиллаж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр дуусаж, Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг холбогдох албаныхан зөвлөж байна.