Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.

        Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Нийт 244 гэр, байшинг үерт өртсөн байна. Иймээс энэ бүхэнд цаг алдалгүй салбар салбарынхан шуурхай ажиллаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуцан ажиллаж байна. Цаашид үер усны асуудал гарахгүй гэх баталгаа алга байна.  Энэ зөвхөн манай орны хувьд ч гэлтгүй хөрш орнууд болон бусад газар ч үерийн асуудал байна. Байгаль дэлхийн уур амьсгал, өөрчлөлттэй шууд холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдэл давтамжтай болж байна. Давтамж ч  нэмэгдэж байна. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай, бэлтгэлтэй, иргэд сонор сэрэмжтэй, ажил төрөл, амралт аялалаа зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мэдээж хүний хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Стандартад нийцсэн зам харгуй байх ёстой асуудал ч хурцаар тавигдаж байгаа.

Өчигдрийн үерт өртөж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цаашид хөдөө орон нутагт ч хүчтэй аадар борооны улмаас үүсэх эрсдэл байна.

Иймээс анхаарал, сонор сэрэмжтэй байхыг хичээгээрэй. Нийслэл, дүүргийн удирдлагуудад Улсын Онцгой комиссоос шаардлагатай зүйлсээр ханган ажиллаж байна” гэв.