Шулуухан л хэлье. Монголын төр “Тавантолгой түлш” компаниараа хотын иргэд дээр тав дахь жилдээ туршилт хийх гэж байна. Яаж гэж үү?!

Хотын утааны хор хуй дийлдэхээ больж, үүнээс үүдсэн өвчин зовлон, үхэл хагацал тасрахгүй олон жил болсон нь үнэн. Хотынхны хамгийн эмзэг цэг энэ. Харамсалтай нь үүнийг нэг мөр шийдэх гарцыг улстөрчид, эрх баригчид маань олж чадахгүй л байна. Олохгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа бололтой.

Яагаад гэхээр, төр одоогоос таван жилийн өмнө сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан.  Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд  Засгийн газрын өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан. Ингээд 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хориглосон байдаг.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжилтээ авдаг энэ компани “Энержи ресурс” ХХК-иас үнэгүй мидлинг, Хятадаас барьцалдуулагчаа, бас шуудайгаа худалдаж аваад шахмал түлш “үйлдвэрлэж” эхэлсэн. Товчхондоо, мидлинг, барьцалдуулагч гэдэг хоёр “эд анги”-аас шахмал түлш бүтдэг.

 

Шахмал түлшний 95 хувийг бүтээдэг гол түүхий эд болох мидлингийг “Энержи ресурс” ХХК нийлүүлж ирсэн. Тус компани Засгийн газартай “Нийгмийн хариуцлагын хүрээнд таван жилийн хугацаатай нийлүүлнэ” гэж гэрээ байгуулсан байдаг. Яг үнэндээ Засгийн газар мидлингийг нэхсээр байгаад авсан юм байна лээ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 26-нд ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү “Дэмжлэг хүсэх тухай” 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Хүсэлт гаргах тухай” Х/260 дугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гэрээ байгуулах тухай” 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Гэрээ байгуулах тухай” 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат “Төлөвлөгөө ирүүлэх тухай” 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээж байжээ. Эдгээрт “Энержи ресурс” ХХК-ийн зүгээс 2019 оны аравдугаар сарын 10-нд албан ёсоор тайлбар гаргасан. Түүндээ “Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн. Бас тус компанийн захирал Г.Батцэнгэл “Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байдаг юм.

 

“Энержи ресурс” ХХК-ийн нүүрсийг хэрэглэж буй тухайгаа Засгийн газраас УИХ-д “Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршилтыг ШУА-ийн Эрдэс боловсруулалтын хүрээлэнгээс 2014 онд явуулж, хямд өртөгтэй, стандартын шаардлага бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон юм. Ухаа худагийн угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс хоёр дахин урт, илчлэг нь 1.7 дахин их учраас нийслэлд хэрэглэгддэг 1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн найман үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Таван толгой дахь “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан эрчим хүчний нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоожээ.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлд Ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байна” хэмээн тайлагнаж байв.

Ингэж гурван жил хэртэй нийлүүлсэн “Энержи ресурс” өнгөрсөн жилээс хойш гэрээгээ цуцалсан уу, өөр нүүрс ачуулах болсон уу, өнгөрсөн өвлөөс шахмал түлшинд асуудал гарч эхэлсэн. Нийлүүлэлт багасаж, чанар муудсан. Хотын утаа нэмэгдсэн гэсэн үг л дээ.

 

Эцэст нь төрийн шийдэл юу болж дууссан гэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчны сайд Н.Уртнасанг утаа нэмэгдүүлсэн “хэрэг”-ээр чөлөөлсөн. Гэтэл тэрбээр Үндэсний хорооны даргын хувиар тэр жил “Агаарын бохирдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөр”-ийн төсвөөс шахмал түлшний үйлдвэрлэл, хяналт зэрэгт хангалттай мөнгө шийдэж өгсөн байдаг. Жишээ нь, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/12 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар 49.2 тэрбум төгрөг гаргасан. Үүнээс МХЕГ-ын дарга Т.Гантулгад “Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу орох гол чиглэлийн замууд дээр хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх” чиглэлтэйгээр 1.139.960.000  төгрөг, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд “Гэр хорооллын өрхийн цахилгааны шөний тарифын хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилт” болох 15.853.100.000 төгрөг, “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатарт “Шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх” зориулалтаар 26.012.200.000 төгрөг, Хотын дарга Д.Сумъяабазарын мэдэлд “Орчны бохирдол бууруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг найман сарын туршид ажиллуулах урамшуулал” гэж 2.7 тэрбум төгрөг, “Сайжруулсан түлш нөөцлөх, цэгт хүргэх тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх” хэмээн 511.900.000 төгрөг зэргээр шилжүүлсэн байдаг. Гэсэн ч утаа нэмэгдсэн учир чөлөөлөөд оронд нь одоогийн энэ Б.Бат-Эрдэнийг томилсон.

 

Ингээд нэмэр тус болоогүй. Өнгөрсөн өвөл дахиад л илүү их утаатайгаа өнжсөн.

 

Харин саяхнаас Хотын захиргааны зүгээс бонд босгож, түүнийх нь 177 тэрбумаар Б.Чойжилсүрэн Хятадаас шахмал түлшний мидлинг орлуулах нүүрс импортлохоо зарласан. Үүнийг нь нийгэм даяараа л эсэргүүцсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд нь “Ингэж үргүй зардал гаргахгүй шүү. Зөвхөн үйлдвэр босгоход л зарцуул” гэсэн гэх мэдээлэл тарсан. Гэтэл тэр худлаа бололтой. Б.Чойжилсүрэн туршилтаа явуулж, импортоо хийхээр болсон дуулдаад эхэллээ. Тэрбээр энэ импортоо олон нийтэд сайнаар ойлгуулахаар ойрноос идэвхийлэн ажиллаж эхлэхээр болжээ.

 

Хэрвээ Хятадаас мидлинг орлох кокс нүүрс орж ирвэл хотын иргэд 100 хувь хятад шахмал түлшээр амьсгална гэсэн үг. Учир нь шахмал түлшний барьцалдуулагч нь бас Хятадаас орж ирдэг. Уг нь Монголд барьцалдуулагч үйлдвэрлэдэг компаниуд байдаг боловч “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлууд хэрэглэх дургүй. “Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллана” хэмээн тунхагладаг. Гэхдээ хэрэгжүүлдэггүй.

Шууд утгаараа шахмал түлш гэдэг бол шахааны бизнес гэж л ойлгогддог. Тэгэхээр Б.Чойжилсүрэн хотын бондын 177 тэрбумаас зарцуулж, Хятадаас нүүрс импортлох гээд байгаа нь шахмал түлшний бас л нэг шахаа болж таарах гээд байна. Тиймээс дахиад хэлье. Монголын төр “Тавантолгой түлш” компаниараа хотын иргэд дээр тав дахь жилдээ туршилт хийх гэж байна.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин