Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Ингээд энэ жилийн баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасч, түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэв. Дээрх саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлахаар болжээ.

Үйл явдлыг нэхэн сануулвал, Улсын арслан М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан. Тэрбээр өмнө нь /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Энэ үйлдлийг гардан хийсэн нь шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэж байв.