МОНГОЛ уран сайхны киноны найруулагч, жүжигчин Б.Амарсайхан CHICAGO's ASIAN POP UP CINEMA фестивалиас "КАРЬЕРЫН ОРГИЛ АМЖИЛТ" шагналыг хүртжээ. 

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа уг шагналыг найруулагч Б.Амарсайханд гардуулсан байна. Энэ үеэрээ тэрбээр, “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна” гэсэн юм.

Asian Pop Up Cinema кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчидэд хүргэх зорилготой аж. Энэ жил Азийн 28 орны кино оролцсоноос найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНО-роо шалгаруулсан байна.

Үзэгч бидэнтэйгээ хуваалцсан түүх болгон нь Монголоо гэсэн сэтгэл зүрх үнэртэж, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийг уудлан гаргадаг авьяаслаг кино уран бүтээлчидээ цааш цаашдын уран бүтээлд нь амжилт хүсч, Монголынхоо нэрийг олон улсад улам өндөрт өргөхийг ерөөж, халуун баяр хүргэе. Давхи, битгий зогсоорой Монгол оо хэмээн түүний кино багийнхан баяр хүргэлээ.