Нийслэл хотод үер бууж хүний амь эрсдэж байхад ч бөхөлзөөгүй хотын мээр асан өчигдөр "Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсанд, хүмүүсийн дутуу хийсэн зүйлийн өмнөөс уучлалт хүсэж байна" хэмээгээд ажлаасаа чөлөөлөх өргөдлөө Ерөнхий сайдад  өгсөн талаараа мэдээлэл хийв. 

Өчигдрийн олон нийтийн анхаарлын төвд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь орсон юм. Тэдний тойрох хуудсыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төвөггүй зураад өгчих байх. Тэд ч яахав суудлаа тавиад өгчихлөө гэхдээ хийсэн ажил нь төсвийн мөнгийг салхинд хийсгэсэнд ямар хариуцлага үүрэх вэ? гэдэг томоос том асуултын тэмдэг түмний дунд үлдлээ. 

Хотын мээр асан "Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой.

Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Согтуугаар хүн дайрсан гэх асуудал огт байхгүй. Би архи амсаагүй жил орчим болж байна.

Автобусны асуудлын хувьд "Эрдэм транс", "Тэнүүн-Огоо" компанийн захирлуудтай би нэг ч уулзаж байгаагүй. Энэ компанийн үйл ажиллагааг нь хувийн хэвшилтэй холбоотой асуудлыг дэмжиж корпорацын зохион байгуулалттайгаар ажиллах нь зөв юм байна гэдгийг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилж хэлж уулзуулж байсан түүхтэй шүү.

Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсандаа, хүмүүсийн дутуу дулимаг хийсэн зүйлүүдийн өмнөөс уучлалт хүсэж байна. Энийг нууж хаагаад өнгөрүүлэлгүй, автобуснуудыг хүлээж авалгүйгээр Сүхбаатарын талбай дээр бүгдийг нь ил гаргаж ард иргэдийн сэтгэл санаанд нийцэж байгаа бол хүлээж авна, үгүй бол бүгдийг нь буцаана гэсэн байр суурьтай байсан" гэсэн юм. Ёсзүйн хүрээндээ ажлаа өгч байгаад АТГ -т шалгагдах нь тодорхой боллоо. Түүнтэй хамт түгжрэлийн дарга, сайд асан Ж.Сүхбаатар ч хууль хяналтын байгууллагаараа шалгуулж зохих ёсны шийтгэлээ үүрэх ёстой. Үүнийг ч иргэд, олон нийтийн зүгээс чих тавин хүлээн суух болно. Өчигдөр Намрын чуулганаа нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын төр засаг авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байгаа ч үр дүн нь өргөс авсан шиг түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөнх хэсгийн шуналт үйлдэл Монгол төрийн нэр хүндийг удаанаар тогтвортой унагаж, баллуурдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүд Та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэж байна гэж хэлсэн. Энэхүү үгийг зүгээр ч нэг хэлээгүй биз ээ. Төр төмөр нүүрээ дээрх нөхдөд харуулж, улсын хөгжлөөс хойш татсан төрийн хайр, нийслэлчүүдийн итгэлийг алдсан тэдний толгойг илж зүгээр өнгөрүүлэхгүй гэдэгт итгэж суугаа олон ч байна.

Нийгэм даяараа "ногоон автобус"-ыг хуучин хэмээж байхад энэ нөхөд л цоо шинэ мэт гүрийж байсан нь ийнхүү суудлаа өгөхөд хүргэсний ард юу хүлээж байгааг тэд тооцоолоогүй байна гэж байхгүй. Харин улс дамнасан асуудал дэгдээсэн бүх албан тушаалтнууд холбогдон шалгагдах нь гарцаагүй боллоо. Түгжрэлийн сайдын хувьд үүнийгээ шалгуулж хариуцлагаа ч үүрнэ гэдгээ хэлсэн үгэндээ багтаасан. "Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн" хэмээн хэлсэн.

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр авсан “ногоон автобус"-ны хэрэг үүгээр ч намжих болоогүй дээрх нөхдүүдээс гадна олон  хүмүүс  АТГ рүү шалгагдахаар явна.