Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэж байв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байна гэдгийг тодотгов.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж.

Өнөө жилийн улсын төсөвт хүн бүхэн чих тавин суугаа. Учир нь сонгуулийн жил тохиож буй билээ. Энэ онд буюу 2023 онд улсын төсвийн орлогыг 20.8 их наяд байхаар тооцсон бол ирэх онд буюу 2024 онд  25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж нийт орлогын хэмжээг 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэв. Харин энэ онд 21.8 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон бол ирэх онд 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцож төсвийн зарлагыг 5.6 их наяд төгрөг байхаар төсөөлсөн байна. 

Төсвийн нийт урсгал зардал 2024 онд 21.3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд үүний 60 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 16 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал,15 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал, 6 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 3 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.

-Халамжийн нэмэгдэлд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ-

Мөн 2023 оны  долдугаар сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг нэгэн адил 325 мянган төгрөгт, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84.5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмж 123.1 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт хүргэж тус тус нэмэгдүүлсэн. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 146.9 мянган хүн хамрагдсан  бөгөөд 40 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. 

2024 онд иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлэх бодлого баримталж энэ хүрээнд цалин, тэтгэврийг эдийн засгийн өсөлт, инфляц, амьжиргааны түвшинтэй уялдуулан индексжүүлэх, түүнчлэн 2023 онд шинээр батлагдсан нийгмийн даатгал болон боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийнбэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцлоо. Энэхүү арга хэмжээнд 516.8 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдана гэж тодорхойлжээ.

-Төрийн албан хаагчдын цалинд 532.4 тэрбум төгрөгийг зарцуулна-

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх бөгөөд нийтлэг төрийн үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцож шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. Тус арга хэмжээнд нийт 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 532.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал, Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах,төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллахнөхцөлийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 2023 оноос эхлэн олгож байна. Аймаг, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 20 ба түүнээс дээш хувийн нэмэгдэл авч эхлээд байгаа бол орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн суурь үйлчилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид 8-20 хувийн нэмэгдэл авч байна. Ирэх 2024 онд хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа,төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор төлөвлөж байна.Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид болон улс төрийн албан хаагчид шинээр хамрагдах бөгөөд энэхүү нэмэгдлийг олгохтой холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төрийн захиргааны албан хаагч болон нийтлэг үйлчилгээний нийт 105.2 мянган албан хаагч хамрагдах бөгөөд нийт 306.8 тэрбум төгрөг зарцуулах юм.

-Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахад 25.1 тэрбумыг төсөвлөжээ-

Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын багц хууль (шинэчилсэн найруулга)-ийн дагуу орлогын эрсдэлд өртөж болзошгүй зарим даатгуулагч иргэдийн төлөх шимтгэлийн ачааллыг хөнгөлөх, залуучуудын ирээдүйд авах тэтгэврийн өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийн дагуу залуу малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцахаар болсон уг заалттай холбоотойгоор нийт 11.4 мянган  эцэг, эхэд 10.4 тэрбум, тэтгэвэр тооцох хугацааг 7 жилээс 5 жил болгож буурласан шийдвэрт нийт 55.5 мянган ахмад хамрагдах бөгөөд 20.6 тэрбум төгрөг тусгажээ.Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах хуулийн өөрчлөлтийн хүрээнд нийт 55.3 мянган ахмад настанд 25.1 тэрбум төгрөг, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зорилтын хүрээнд 2 хувийн шимтгэлээр хуримтлал үүсгэнэ. Үүнд 389.4 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгажээ.

-Багш, ажилтны нэг хүүхдийг сургахад 7.1 тэрбумыг зарцуулна-

Мөн Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Боловсролын багц хууль (шинэчилсэн найруулга)-д багш, ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажиллагчдад олгодог тэтгэмжид хамрагдах хүний тоо 2.3 дахин нэмэгдэхээр байгааг харгалзан шаардлагатай нэмэлт зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж тодотгожээ. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахад нь шаардагдах  зардалд 7.1 тэрбум төгрөгийн зардлыг тусгажээ.

-Нэг удаагийн мөнгөн урамшуулалд  75.8 тэрбум зарцуулахаар төсөвт тусгав-

 Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасны дагуу 75.8 тэрбум төгрөг төсөвт тусгажээ.

Монгол Улсын гаалийн албаны хилийн боомтод буюу хөдөө орон нутагт байрлах харьяа гаалийн газар, хороодод 1.2 мянган гаалийн байцаагч ажиллаж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн арга хэмжээний хүрээнд хилийн зарим боомтыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх, гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд байцаагч нарын ачааллыг нягтруулах, уртасгасан цагаар ажиллуулах гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Гаалийн байцаагч нарыг тогтвортой ажиллуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахын тулд тэдний нийгмийн асуудлын мөн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул Гаалийн тухай хуульд аймгийн төвийн сумаас бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа гаалийн албан хаагчдад таван жил тутамд нэг удаа 12 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох өөрчлөлтийг оруулахаар хуулийн төслийг боловсруулж, тус арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгажээ.

-ААН-ийг дэмжих зээлийн хүү бусад арга хэмжээнд  223.7 тэрбум төгрөгийг зориулна-

2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга)-д аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу нэмж шаардагдах зардлыг тооцож тусгалаа. Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаас, урамшууллын зардлыг тооцон тусгав.Тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг сайжруулахад зориулж малчид, газар тариалан эрхлэгчид болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 125.3 тэрбум төгрөг, бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардалд 98.4 тэрбум төгрөг, нийт 223.7 тэрбум төгрөгийг тусгалаа.

-Өндөр настны тэтгэврийг нэмэхэд  308.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ-

 Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх зэргээр иргэдийн орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг 2023 оны төсвийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Адил үнэлэмж бүхий ажил хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчийн цалин хөлс ижил байх зарчим баримталж хэт олон сүлжээ, шатлал бүхий харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй төрийн албаны цалингийн сүлжээг шинэчлэн 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлж эхэлсэн.Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “тэтгэврийн зөрүүг ойртуулах” зорилтын хүрээнд тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсийг 2022 оны дундаж цалингаар суурь болгон индексжүүлсэн. Үүний зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмсэн ба энэхүү арга хэмжээнд нийт 516.8 мянган ахмад настан хамрагдаж  байгаа бөгөөд улсын төсвөөс 308.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.