Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шүүх танхимд нэрлэсэн Засагтайгаа, тамгатайгаа, төртэйгөө үлдээд байгаа нүүрсний жинхэнэ хулгайч нь чухам хэн бэ гэдгийг "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлгээр хүргэжээ. Энэхүү нэвтрүүлэгт тулгуурлан "Контент Задлан" хийснээ хүргэж байна.

Уншигч танд ойлгомжтой байлгах үүднээс гурван гол үйл явдлыг он цагийн хэлхээсээр хүргэе.

  1. Монгол улсын эрдэс баялагийн зөвлөл 2020 оны Нэгдүгээр сарын 15-ны өдөр Таван толгойн бүлэг орд дахь Бортээгийн орд нь 424,2 сая тонн хагас зөөлөн коксжсон нүүрсний нөөцтэй гэдгийг албан ёсоор баталжээ.
  2. Монгол Улсын 2.2 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг энэхүү нүсэр том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцаа эзэмшигч та  бидэнд ирэх үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй юм байна хэмээн Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд үзэж 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Бортээгт олборлолт хийх, нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг гүйцэтгэх шаардлагатай гээд 736 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох тогтоолыг баталжээ.
  3. Энэхүү тогтоолын дагуу Тавантолгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрдэнэс тавантолгой ТӨХК 2021.07.09-ны өдөр зарлажээ.

-Хамгийн ноцтой баримтууд дээрх тендерээс эхлэн хөвөрнө-

Энэхүү тендерийг зарлахаас яг 7 хоногийн өмнө “Админерал” гэх компани манай улсад шинээр байгуулагджээ. Тус компанийн 45 хувийг Цэдэнпилийн Ламжавын Моновант компани, 34 хувийг Хонконгийн Руйшен глобал групп компани, 21 хувийг Хятад улсын Кюужоу Лонгюайн трэйдинг зэрэг компаниуд тус тус эзэмшдэг юм байна.

          -Админерал компанийн хамгийн их хувьцааг эзэмшдэг Цэдэнпилийн Ламжав гэж хэн бэ? хэмээн сэжүүрээс хөөвөл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэрээс эхлээд хамаарал бүхий хүмүүс нь холбоотой болж байгаа нь баримтаар гарч ирэв. Тухайлбал, Ц.Ламжав нь ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалангийн PR хариуцсан зөвлөх МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Цэдэнпилийн Чулуунзагдын төрсөн ах болж таарав. Мөн ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалангийн PR хариуцсан зөвлөх Чулуунзагдын эхнэр А.Баярмаа нь Админерал компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд нягтлан бодогчоор ажилладаг ажээ.

Дээрхээс харахад, Админерал компани нь анхнаасаа л монгол улсад Бортээгийн ордын тендерийг авахаар үүсгэн байгуулагдсан уу гэх асуултыг дагуулсаар дараагийн баримт руу хөтөлж байна.

Баримт 1: Тендер нээгдэхээс ганцхан хоногийн буюу 2021.10.17-ны өдөр Админерал компани, өөр гурван компанийг өөртөө нэгтгэж, МТАС түншлэлийг байгуулж хүчээ нэгтгээд шууд л тендерт материалаа өгсөн даруйдаа шалгарчээ. Өөрөөр хэлбэл, улаан гэрлээр уг тендерийг авчихсан гэсэн үг юм. Энэхүү МТАС түншлэлийг цааш задлахад, нүүрс баяжуулах үйлдвэрийг “Админерал” компани дангаараа эзэмшинэ. Мөн баяжуулсан нүүрсээ борлуулах ажлын 60 хувийг ч бас Админерал компани эзэмшихээр гэрээндээ тусгажээ.

Баримт 2: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Пи-ар хариуцсан зөвлөх Чулуунзагдын төрсөн ах Ламжав нь 45 хувийг нь эзэмшдэг “Админерал” компани Эрдэнэс тавантолгой компаниас зарласан 715 тэрбум төгрөгийн төсөвтэй үйлдвэр барих тендерийг ганцаараа авч дийлээгүйдээ хүч зузаатгаж байгаад ийнхүү авчихсан байна.

Баримт 3: “Админерал” компани тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгарсан даруйдаа Эрдэнэс тавантолгойн эзэмшлийн газар дээр газар ашиглах гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авна.

Эрдэнэс тавантолгой компанийн эзэмшдэг өөрөөр хэлбэл 2.2 сая Монгол улсын иргэний эзэмшиж буй орд газкраас тастаж, 35 га газрыг Админерал компанид олгож өгөөч ээ хэмээн Цогтцэций сумын засаг дарга Бацмаа дээр очжээ. Ийн очсон хүн нь Ламжав. Тэр бол Чулуунзагдын ах.

Баримт 4:  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь эхнэр Д.Бямбасүрэнгийн нэр дээрх  Жабко-2009, Топмедиа 2011 онд байгуулагдсан компаниудыг 100 хувь эзэмшдэг гэдгээ  АТГ-т өгсөн ХОМ-дээ мэдүүлсээр ирсэн байдаг. Гэтэл Д.Бямбасүрэн 2019 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Жабко болон Топмедиа компаниудаа Батхуягийн Эрдэнэжаргал гэгч рүү гэнэт шилжүүлжээ.

Энэ баримтаас дахин Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий хүн болох Б.Эрдэнэжаргал гарч ирэв. Тэр Д.Амарбаясгаланг МАН-ын ЕНБД-аар ажиллаж эхлэх үед нь түүний шууд удирдлага дор МАН-ын сошиал IT хариуцсан ажилтнаар ажиллаж байжээ. Дараагийн баримт энэ хүнтэй шууд холбоотойгоор Германы сэтгүүлчийн нийтлэлд дурдагдснаар үргэлжилнэ.

Баримт 5: ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан Эрдэнэжаргалаар дамжуулан нүүрсэнд гараа дүрснийг яахоо файнанс сайт хэдхэн хоногийн өмнө дэлхий дахинд мэдээлэв.

Германы эдийн засгийн сэтгүүлч тоймч Адам Блогэнэ 2023.09.07-ны өдөр нийтэлсэн “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна ” нийтлэлдээ…

“Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд хорин өөр туслан гүйцэтгэгч өрсөлдөж байгаагийн нэг нь Дашзэгвийн Амарбаясгалантай холбоотой. Түүний эхнэр Дашхүүгийн Бямбасүрэн нь Батхуягийн Эрдэнэжаргал руу шилжүүлсэн хоёр компаниараа дамжуулан “E-Commodities Mongolia Intelligent Logistics” компанийг удирддаг. Эрдэнэжаргал нь 2010 онд Тавантолгойн уурхайгаас Цагаан хад, Мааньт, Чойр өртөө хүртэл 26,840 тонн нүүрс тээвэрлэсэн “Глобал гүүр транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч юм. Монгол Улсын эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга гэрээ хэлэлцээрт шууд оролцохыг хориглодог. Гэтэл Амарбаясгалан нь хөшигний ард нуугдан, эхнэрийнхээ компаниудыг фронт болгон ашиглаж, санхүүгийн ашиг сонирхол нэгтнүүдээ нүүрс тээвэр рүү оруулсан” гэжээ.

Баримт 6: Монголын ард түмний хувьцааг нь эзэмшдэг 424.2 сая тонн бүхий зөөлөн коксжих нүүрстэй орд газрыг 30 жилийн хугацаагаар ашиглах боломжийг Админерал компани өөртөө яаж авч чадсан байх уу? гэх асуулт хариултаа хайсаар баримтууд өгүүлэв.

 

 

Эх сурвалж: Нууц.мн сайтын НУУЦ МАТЕРИАЛУУД  нэвтрүүлгээс контент задлан хийлээ