Нийслэлийн Засаг даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Шинэ зуун айлын худалдааны төвд  болно.

Энэхүү  нээлтэд  “Улаанбаатар театр”-ын дуучин МУГЖ С.Ганзориг, МУСТА Т.Баянжаргал, Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч МУСТА дуучин Э. Дашням нар оролцож ая дуугаа өргөх юм байна.

Дашрамд дуулгахад, тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна. Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлах, орон нутаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих, шууд борлуулалтыг нэмж эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.