Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар авч хэлэлцэж, зарим сайд нарт үүрэг чиглэл өгсөн байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсын онцгой комиссын мэдээллийг сонссон.  Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, нөхөн олговрыг яаралтай шийдвэрлэхэд улсын онцгой комисс, ОБЕГ-т даалгасан. 

Мөн хэрэг шийдвэрлэх хүртэл гал түймэрт өртөж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай техник төхөөрөмжийн жагсаалт, төсөв хөрөнгийн тооцооллыг танилцуулахыг үүрэг болгосон. 

Түүнчлэн Нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө. Тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхтэй холбоотой стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг даалгалаа" гэлээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан "Албан үүргээ гүйцэтгэж яваад  амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой байдлын албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэлээ. Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмчлэгдэж байгаа иргэдийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ. 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Орон сууцыг засахтай холбоотой асуудлыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо" гэлээ.