Энэ долоо хоногийн даваа гаригаас эхэлж сурагчдын хичээл, сургууль орж их хотын хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хотын даргын зүгээс Нийтийн тээврийн чиглэлийг энэ их хөдөлгөөнтэй зэрэгцээд өөрчилсөн. Тэгвэл иргэд зарим чиглэлд автобусны явах тоог нь нэмэгдүүлээд өгөөч гэсэн санал хүсэлтийг хэлжээ. Гэтэл  эсрэгээрээ хасаад цөөлөөд бүр явах чиглэлийг нь хассан байна хэмээн ихээхэн бухимдалтай байна. 

Иргэдийн энэ их бухимдлыг хөөрхий автобусны жолооч нар л нуруундаа үүрч явна. Өглөө, оройдоо хотын төвөөрөө зорчдог автобус ачаалал их. Өчигдөр орой МУБИС-иас Хороолол орох чиглэлийн автобус хоорондоо их хол зайтай ирэв. Зорчигч нар жолоочид уурлаж, зарим нэг нь өөрчилсөн хүмүүст нь хэлээч гэж сүүлдээ бие биетэйгээ муудалцаад авлаа. Тодруулбал,Шархад-3,4-р хороолол чиглэлийн буюу 2 номерын 20 автобус үйлчилгээнд явахаар гардаг байжээ. Харин одоо 10 автобус уг чиглэлд үйлчилгээнд явж байгаа учир ачааллаа дийлэхгүй байна гэж жолооч учирлав.

Мөн Ч:3 буюу Зүүнсалаа-Халдварт чиглэлд автобус явуулахгүй хасжээ. Ингэснээр иргэд дамжин суух гэж 2-3 сууж бууж байгаа аж. Гол учир нь дамжин суухаар дараагийн автобус нь ирэх гэж бас л хүлээлгэж байж ирж байгаа гэв. Ер нь Нийтийн тээврийн газрынхан хөрсөн дээр буусан чиглэлийн өөрчлөлтийг хийгээгүй нь балгыг иргэд амсаж байгаагийн тод илрэл энэ юм. 

"Судалгааг Улаанбаатар хотын нийт зорчигчдоос цугларсан дата мэдээлэлд үндэслэсэн. Иргэд зорчих картаа дарахад дата мэдээлэл цугларч байдаг. Үүнээс иргэдийн хамгийн их дамжин сууж буй цэгүүдийг тодорхойлсон. Бидэнд гадаад улсуудад байдаг шиг судалгааны олон зуун хүнээс авдаг технологийн дэвшил нь байхгүй. Бид Улаанбаатар смарт карт компанийн цугларсан дата мэдээлэлд үндэслэж ерөнхий төлөвлөлтийг хийсэн.

Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн давхцалыг арилгаад үзье гэж бодсон. Давхцалаа арилгачихвал иргэд автобусанд суух сонирхол нэмэгдэж эхэлдэг юм байна гэдгийг олон улсын жишгээс ойлгосон юм" гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа ярьсан удаатай.

Оронгоор нь эргүүлсэн өөрчлөлтөөсөө ухарч буцааж сэргээсэн нэрээр цөөхөн автобус үйлчилгээнд явуулж иргэдэд чирэгдэл учруулж буй асуудлаа хэзээ шийдэх вэ?