"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, эх орондоо хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд одон, медаль, цол гардуулж байна. 

Энэ үеэр "Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжинг Алтан гадас одонгоор шагнав. 

Тэрбээр “Ийм нэгэн дурлал” киноны туулай хүү, “Хайрлаж болох уу” киноны зочид буудлын эзэн, “Сарны нулимс” киноны Тэмка зэрэг киноны дурлалт залуугийн дүрээр үзэгчидтэй уулзсан.

        Түүнээс хойш “9009”, “Цэлмэг тэнгэр”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”, “Болсон явдал”, “Гурван найз яасан байх нь уу”, “Их хотын залуус”, “Муу нүүрт”, “Гацуурхан”, “100 жилийн ганцаардал” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосон. Үүнээс гадна Х-ТҮЦ гэх хошин урлагийн том айлын гишүүн болж, тайзнаа дүрсгүй хүү, цэрэг, ах, найз нарын дүрийг үзүүлсэн. Өдгөө харин “Эмоци” продакшны тулгын гурван чулууны нэг болж уран бүтээлч дүү нартаа том нь ах болсон. Тэрбээр багийнхныгаа үлгэрлэж, хөтөлж, дагуулж, зааж зөвлөж байгаа. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр “Баян боол” кинонд мөн дурлалт залуугийн дүрд тоглолоо. Өөрийн гэсэн өнгө аяс, төрх байдлаараа Монголын урлагт өөрийгөө тамгалж яваа билээ.