Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгад өчигдөр 19:00 цагийн орчимд гал гарч, барилга шатсан осол гарчээ. 

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй, галын дүгнэлт холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна.

Тус сургууль нь дөрвөн хичээлийн байртай, 1968, 1983, 2008 онуудад тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байр нь 420 хүүхдийн хүчин чадалтай, дотуур байр 2019 онд ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай.

Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан.

Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ойрын өдрүүдэд тогтмол өгч байна.

Боловсролын сургалтын бүх шатны байгууллага дулаан, цахилгааны хэвийн, найдвартай байдлыг хангах, хаалга, цонх, салхивчийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөлөө.