Сонгуультай жил зуд тохиож малчид хахир хатуу өвлийг давахын даваан дээр хаваржилт хүндрэв. Хэн бүхэн л малчдаа бодож халуун гараа сунгаж сэтгэлийн дэм хайрлаж хамтдаа даван туулахын төлөө нэгдэж байна.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жил "Сайн үйлсийн аян"-аа  малчин түмэндээ туслахаар эхлүүлжээ. Тодруулбал, сармис, каш, нэмнээ, хуурай сүү зэргээр туслахаар болжээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр дор бүрнээ л аль болох туслахыг хичээж бие биенээ уриалж байгааг харахад монгол хүмүүсийн нэгнээ гэсэн сайхан сэтгэл үгүй болоогүй нь харагдана.

Харин зудыг далимдуулагчид байгаа гэхэд хилсдэхгүй нь ээ. Энэ хавар Улсын их хурлын сонгууль тохиож байгаа бөгөөд томсгосон тойргоор явагдана. Хотын хэдэн тойргоос илүүтэй орон нутгийнхан гол хүчийг эзэлж буй. Тиймдээ ч зуд болсон аймгууд руу хөөрхий хэдэн улс төрчид минь өөрсдөө цасаа ухаад биеэр очиж нөхцөл байдалтай танилцаад чухам байгаа аж. Өөрөөр хэлбэл, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад Засгийн газрын тусламжийг хүргэхээр очиж буй нөхдүүд өөрсдөө өөрийн хөрөнгөөрөө аваад очиж байгаа юм шиг л гол дүрд тоглоод хотоос давхиад гарсан, хашир л байгаарай малчид аа!

Дөрвөн сарын дараа сонгууль болно. Сонгуулийн хуулиар сонгогчдын саналыг худалдаж авах хориотой. Өөрөөр хэлбэл, гурил будаа, малын тэжээл, хивэг, сүү, элдэв нэрээ бичсэн бараа таваараа сар шинээр тарааж чадаагүй. Тэд одоо л хөдлөх цаг гэж царайгаа харуулж явж байж мэдэх вий гэсэн хар төрөөд буйгаа л дамжуулав. Цаадуул чинь үгэн дунд үг тээж явааг үгүйсгэхгүй. 

Одоогийн байдлаар,

  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир суманд ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүн Хангай суманд энэ сарын 21-ний өдөр ажиллаж, сумын удирдлагууд, ард иргэдийн төлөөлөлтэй уулзан, зудын нөхцөл байдалтай танилцжээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай сум юм.

  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 21-22-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. 

Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн 8.00 цагийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас долоон  сумын нутагт 0-30 см зузаан цастай байна.   Үүнээс Алтай суманд 30 см, Үенч суманд 29 см, Булган суманд 18 см зузаан цастай, хаваржилт хүндэрчээ. Энэ сарын 21-ний байдлаар тус аймгийн хэмжээнд нийт 4876 толгой мал хорогджээ. 

  • Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг суманд ажиллажээ.

Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд оржээ. 

Сайндаа ч биш шүү, сайрхаж очоод сонгуулийн дараа та хэдийг ч мартаж мэднэ. 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

Сонгуулийн шоу: Санал авах өгөөш 1072 хувьцаа дөрвөн удаа хэрхэн "амь" орж байв

1072 хувьцаа: Иргэдэд ноогдол ашиг хэмээн 580 & 200 хэдийг нь олгох вэ?

Сонгуулийн шоу: Малчдын НДШ-ийг татвар төлөгч нар төлнө

Сонгуулийн шоу: Ичээнээсээ гарсан улс төрчдийн хаврын синдром

Сонгуулийн шоу: Амь орохоор болсон дүүжин тээвэр дахин гацах вий